Очиай багшдаа амласан амлалтаа биелүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Вандан Даваа

Энэ оны мэргэжлийн сүмогийн эхний башё буюу Нэгдүгээр сарын барилдаан өндөрлөхөд хоёрхон хоногийн барилдаан үлдлээ.

Тэмцээний 13 дахь өдөр жонокүчи, жонидан, санданмэ, макүшита зиндаануудын сүүлчийн барилдаан явагдаж, түрүү бөхчүүд тодордог. Хэрэв даваа тэнцсэн бөх үлдвэл башёгийн сүүлчийн өдөр барилддаг билээ. Энэ сарын башёд макүшита зиндаанд Японы Тоттори аймгийн Тоттори жёохокү ахлах сургуулийг төгссөн Очиай долоо давж, түрүүллээ. Тэрээр хоёр жил дараалан Бүх Японы ахлах сургуулийн сүмод түрүүлсэн ахлах сургуулийн ёкозүна юм. Түүний амжилтыг үндэслэн, мэргэжлийн сүмогийн макүшита зиндааны 15 дугаарт чансаагаар барилдуулжээ. Энэ нь ахлах сургуулийг төгссөн хүүхэд ингэж чансаанд бичигдсэн анхны тохиолдол болсон байна.

 

Гэрэл зургийг Вандан Даваа

 

Очиай их аварга Хакүхогийн Миягино дэвжээнд хоёр сарын өмнө элсэн орсон билээ. Тэрээр мэргэжлийн сүмод Миягино дэвжээг сонгон орсонтой холбогдуулан хийсэн  хэвлэлийн хурлын үед “Би ирэх Хацү башёд  мэргэжлийн сүмогийн макүшитагаас гараагаа эхэлнэ. Хэрэв түрүүлж, жюүрёод дэвшиж чадвал Хакүхо багшийгаа сүмочийн үстэйгээ байхад нь хэвлэлийн хурал хийхийн төлөө чармайн барилдана” гэж амласан билээ. Ийнхүү Очиай амлалтаа биелүүлж, макүшитад түрүүлж, жюүрёод гарах боломжоо нээсэн ч эцсийн шийдвэр нэгдүгээр сарын 25-нд болох банцүкэгийн хурлаар шийдэгдэнэ.

 

Гэрэл зургийг Вандан Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 21

Монголчууд сумогүйгээр байж сууж чадахгүй байгаа юм шиг л хэрэгтэй хэрэггүй сумогийн мэдээгээр бөмбөгдөх юм аа, мөнгө хүчтэй гэдэг л энэ юм байх даа

1  |  4
Top