Японы нийслэлд өчигдөр (2023.01.22) өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн Хацү башёд озэки Такакэйшёо 12 даваатай тэргүүллээ.
Ёкозүна Тэрүнофүжи гэмтлийн улмаас барилдаагүй тул ганц озэки зүүний магнайг тэргүүлэн барилдаж, гурав дахь түрүүгээ авсан.
Залуу заануудын түрэлтийг ганцаараа зогсоож, түрүүлж чадсан түүнийг Сүмогийн холбооноос ихэд магтан сайшаасан билээ. Ингээд озэки Такакэйшёогийн түрүү бөхийн ярилцлагыг сонирхоцгооё.
-Гурав дахь удаагаа Эзэн хааны цом авлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа.
-Рэйва 2 оны 11 сараас хойш нэлээд удаж байж, башёд түрүүллээ.
-Хурим хийснээс хойш анхны түрүү болохоор их баярлаж байна.
-Озэки цол хүртсэн хойно түрүүлэхийн төлөө л барилдах ёстой гэж та байнга ярьдаг. Түрүүлж чадахгүй байх үед юу бодогдож байв?
-Бэлтгэл дутуу, заримдаа ганцхан даваа дутах гээд л их харамсалтай байсан. Түрүүлээд сэтгэл бага зэрэг амарч байна.
-Өнөөдөр маэгашира бөхтэй даваа тэнцэж барилдлаа.
-Дохёнд гарсан хойно өрсөлдөгч хэн ч байсан барилдах л ёстой. Ар талд минь гэр бүл, анд нөхөд гээд маш олон хүний дэмжлэг байгаа шүү гэж бодон дэвжээн дээр гарсан. Сүүлийн барилдаандаа маш анхааралтай барилдана гэж бодсон.
-Ёкозүна Тэрүнофүжи өнжсөн болохоор та хамгийн том цолтой нь байлаа. 15 хоног сэтгэл санааны дарамт байв уу?
-Үүнийг дарамт гэж үзэх үү, үгүй юу гэдэг чухал. Харин ч том цолтой нь түрүүлнэ гэсэн хүмүүсийн итгэл найдварт талархан, талархан барилдаж байлаа.
-Сүүлийн хэдэн башё маэгашира цолтнууд ээлжлэн түрүүлээд байгаа.
-Озэки гэдэг бол заавал ялах ёстой цол, зиндаа. Энэ утгаараа хүнд хэцүү, хичээхгүй бол болохгүй нь гэсэн үе байлаа. Гэхдээ хэн хүссэн нь озэки болчихдог юм биш. Заавал ял гэсэн дарамтыг намайг ялна гэж байна гэсэн талархал хэмээн хүлээж аван, хоёр жил барилдсан. Сүмо бол ганц өдрийн тулаан биш 15 хоногийн тэмцэл тул сэтгэл зүйгээ зохицуулан, өдөр бүрийн барилдаандаа анхаарах нь их чухал. Сэтгэл зүй сайтай бөх л амжилт үзүүлнэ гэж боддог болохоор сэтгэлээр унах, стресстэхгүй барилдахыг хичээж байв.
-Гурав дахь түрүү. Ирэх башё танд ээлтэй Осакад болно.
-Тийм ээ. Би хадам аав, озэки агсан Хокүтэнюүгийн түрүүлсэн тоог давж чадсандаа их баяртай байгаа.
-Таны хүүхэд ахуйн мөрөөдөл бол мэдээж сүмо бөхийн дээд цол болох ёкозүна.
-Маргаашаас эхлэн хувийн амьдрал, бэлтгэл сургууль гээд бүх зүйлдээ улам их хичээн зүтгэх болно.
Сэтгэгдэл ( 0 )