Чөлөөт бөхийн тамирчид Красноярскаас 6 медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 28

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Даваачимэг алтан медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 50 кг-д Ц.Намуунцэцэг, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, 55 кг-д Г.Отгонжаргал, 59 кг-д Х.Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаалаа. "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Красноярскийн тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс анхны алтан медалийг авчирч, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр өчигдөр Сербийн Дуня Лукич 10:0-ээр,  шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимоваг 12:0-ээр, хагас шигшээд Светлана Липатоваг 3:2-оор, өнөөдөр шигшээ барилдаанд Беларусийн Юлия Писаренкаг 3:3-аар тус тус ялж түрүүллээ. Э.Даваачимэгийн хувьд Иван Ярыгиний тэмцээнээс иж бүрэн медалийн цуглуулгатай болж байна. Тэрбээр 2018 онд хүрэл, 2021 онд мөнгөн медаль хүртэж байсан.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх, эрэгтэйчүүдийн 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болно.

БТСУХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top