Ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 30-нд Токио хотын Мэйжи сүмд аваргын дохёнд гарах ёслол үйлдлээ. Сүүлийн гурван башёд барилдаагүй аваргаас сэтгүүлчид асуух зүйл ихтэй байлаа.
-Ёслол амжилттай өндөрлөлөө. Та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Уржигдар их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол дээр бас дохёнд гарсан болохоор төсөөрч, сандарсангүй хийж дуусгалаа.
-Хоёр өвдөгний гэмтэл илаарьшиж байна уу?
-Зүгээр ээ.
-Бэлтгэл хийж болж байна уу?
-Зүгээр, зүгээр.
-Хакүхо аваргын зодог тайлах ёслолд оролцсон талаараа?
-Маш олон рекорд амжилт тогтоосон их аварга. Түүний хамгийн сүүлд барилдсан өрсөлдөгч нь би шүү дээ. Мөн ёкозүна хүний хувьд оролцохгүй бол болохгүй гэж бодсон. Их ч хичээсэн.
-Таны хувьд Хакүхо гэж хэн бэ?
-Анх учраа таарч барилдах хүртэл үүлэн дээр байдаг, тэнгэрийн эрхэм байлаа. 22 настайдаа анх гар зөрүүлэн, барилдсан. Ёкозүна болохын тулд дээрх том бөхчүүдийг унагаахгүй бол болохгүй гэдгийг ойлгуулж өгсөн хүн. Сүмоч болох хүслийг минь төрүүлсэн ах.
-Нэгдүгээр сарын тэмцээнийг та үзсэн үү?
-Дэвжээний залуус маань барилдаж байгаа болохоор мэдээж телевизээр байнга үзэж байлаа. Эргээд дохёндоо хурдхан гарахын тулд сүмогоос холдохгүй байхыг хүсэж байгаа.Гэмтээд жониданд унасан үед хүмүүс намайг эргэн ирж чадахгүй, боломжгүй гэцгээж байлаа. Одоо ч гэсэн тэгж бодож байгаа хүн олон бий байх. Боломжгүй зүйлийг боломжтой болгох, чадахгүй байлаа ч чадах гэж хичээх нь их чухал зүйл.
-Ямар бэлтгэл хийж байна.
-Башё дуусаад удаагүй байна. Одоохондоо жаал биеийн дасгал хийж байгаа ч 31-нээс жинхэнэ бэлтгэлдээ орно.
-Хоёрдугаар сарын 4, 5-нд барилдаантай гэсэн. Та зодоглох уу?
-Оякататайгаа зөвлөж байгаад шийднэ.
-Нэгдүгээр сарын тэмцээнд озэки Такакэйшёо түрүүллээ.
-Намайг барилдахгүй байх хооронд Такакэйшёо аварга, арслангуудын үүрэг, хариуцлагыг үүрч яваа. Арслан гэдгээ үнэхээр харуулж байгаа бөх. Хүчтэй озэки.
-Энэ жилийн зорилгоо сонирхуулаач.
-Жил болгон л өмнөө зорилго тавьдаг. Өнгөрсөн жил биелүүлж чадаагүй зорилгоо энэ жил биелүүлэх хүсэлтэй. Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх зорилго тавиад зүтгэж байна.
-Хаврын тэмцээнд барилдах уу?
-Хэзээ барилдахаа мэдэхгүй байна. Биеийн байдлаа харж, багштайгаа зөвлөж байж шийднэ дээ. Аль болох хурдан барилдмаар байгаа ч яг одоо бол хэзээ дохёнд гарахаа үнэхээр мэдэхгүй байна.
-Хагалгаа хийлгэсний дараа ямар өөрчлөлт гарав?
-Мэс засалд орсных зарим зовуурь, шаналгаа алга болсон ч өвчин бол хуучны адил. Би өөрөө бол дахиад жаахан тэсчихвэл барилдаж болно гэж бодоод байгаа.
-Ганц ёкозүна болохоор хичээхгүй бол болохгүй гэж бодож байна уу?
-Олон ёкозүна байсан ч хичээхгүй бол болохгүй биз дээ. Гурав, дөрөв, ганц ёкозүна байлаа гээд хамаагүй. Би байхгүй болоход дараагийн аварга гараад л ирнэ. Ингэж үе солигдон, цаг хугацаа урсаж байдаг шүү дээ. Намайг байхгүй бол Сүмогийн холбоонд хэцүү, энэ тэр гэсэн юм байхгүй.
-Өвдөгний хүнд гэмтлээ хараад ирээдүйдээ санаа зовох зүйл байдаг уу?
-Ирээдүйгээ бодох юм бол би одоо ч гэсэн зодог тайлмаар байна.
-Та ёкозүна хүний үүрэг хариуцлага гээд зодог тайлахгүй барилдаж байгаа хэрэг үү?
-Үгүй дээ, өөрөө хүсэж байгаа болохоор л барилдаж байна. Сүмод дуртай болохоороо ч биш. Өмнөө тавьсан зорилго байгаа болохоор барилдаж байна. Зорилгоо биелүүлэхгүй бол сэтгэл ханахгүй.
-Зорилго тань дээр хэлсэн түрүүлсэн тоогоо аравт хүргэх үү?
-Хамгийн эхний зорилго маань мөн.
-Тэгвэл дараагийн зорилго юу вэ?
-Эхнийхийгээ биелүүлсэн хойноо бодно доо.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг бацаан амжих уу