Какүрюү аваргын Зодог тайлах ёслолын тасалбар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслол зургаадугаар сарын 3-нд Кокүгикан ордонд болно. Тус ёслолын тасалбар өнөөдөр 11 цагаас худалдаанд гарлаа.

Хэйсэй эринд (1989-2019) төрсөн аваргуудаас хамгийн сүүлийн Зодог тайлах ёслол нь Какүрюүгийн ёслол байх юм. Хэйсэй үед 10 ёкозүна төрсөн бөгөөд бүгд зодог тайлсан. “Никкан Спортс” сонины сурвалжлагч түүнээс утсаар ярилцлага авчээ.

-Хэйсэй эриний аваргуудаас хамгийн сүүлд нь ёслолоо хийх боллоо.

-Тийм үү, анзаараагүй юм байна. Одоо ингээд бодохоор нээрээ л бүтэн нэг үе өндөрлөж байгаа юм байна.

-Зодог тайлах ёслолын бэлтгэл хэр явагдаж байна?

-Их том арга хэмжээ. Өөрөө бүх шийдвэрийг гаргаж, янз бүрийн хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр урагш ахиж байгаа. Олон шинэ зүйл сурлаа. Бэлэг дурсгал ямар зүйл байвал хүмүүс баярлах бол, бөх сонирхогчид юу үзэхийг хүсэж байгаа бол гээд бодох зүйл их байна. Ер нь Ордонд ирсэн хүн болгоны сэтгэлд таалагдсан ёслол хийх бодолтой. Ёслол улам ойртоод байгааг мэдэрч байна. Дөрөвхөн сарын дараа болно. Нэг мэдэхэд л болно доо. Аль болох олон зочин ирээсэй гэж хүсэж байна. Барилдаж байхдаа хэр олон хүнд хайрлагдаж, дэмжлэг хүлээж байснаа тэр өдөр мэдрэх сэн. Биеэ ч бэлтгэхгүй бол болохгүй. Шинэ он гарсаар өдөр бүр мавашитай бэлтгэл хийж байгаа. Юуны өмнө үндсэн дасгалуудаа хийж байна. Удахгүй бөхчүүдтэй түлхэх, мөргөх дасгал хийж эхлэх бодолтой. Биеийн дээд хэсэг бага зэрэг дасгал хийхэд болчихно, харин хөлийн булчин их унасан тул хөл дэвсэх дасгал хийхгүй бол болохгүй.

-Одоо жин хэд байна?

-Барилдаж байсан үеэс 11, 12 кг унасан. Сүүлийн зодог тайлах ёслол дээрээ унжсан биетэй гараад ирвэл ичгэвтэртэй болохоор бэлтгэл сайн хийнэ.

-Өнөөдөр ёслолын тасалбар худалдаанд гарлаа. Бөх сонирхогчдод хандан хэлэх үг?

-Чёнмагэ үснээсээ салах, сүүлийн дохёнд гарах ёслол, сүүлийн барилдаан гээд бүтэн өдрийн арга хэмжээ болно. Хүрэлцэн ирж сонирхоорой. Би ч бөх сонирхогчдодоо талархсан сэтгэлээ шингээн, бэлтгэж байна.

Какүрюү М.Ананд -  1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатарт төрсөн. 2001 оны есдүгээр сард Японд ирж, 11 сараас барилдаж эхэлсэн. 2006 онд дээд зиндаанд дэвшиж, 2012 оны Хаврын тэмцээнд озэки, 2014 оны Хаврын тэмцээнд ёкозүна цол хүртсэн. Дээд зиндаанд 6 удаа түрүүлсэн. 2021 оны гуравдугаар сард зодог тайлсан. Одоо Мичинокү дэвжээнд Какүрюү нэрээрээ ояката хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top