Фүжинами Б.Болортуяаг ялж, дараалсан ялалтаа 111-д хүргэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох “Zagreb Open” тэмцээн хоёрдугаар сарын 1-5-нд Хорватын Загреб хотод болж байна.

Загребийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцлоо.

50 кг-д Д.Отгонжаргал эхлээд Азербайжаны бөхийг 10:5 ялсан. Дараа нь шөвгийн наймд Азербайжаны Стадниктай таарч, 6:2 ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Энэ жинд Японы Сүсаки тэргүүлсэн. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан Франц, АНУ-ын бөхийг ялсан ч шөвгийн наймд Канадын Диана Вейкерт цэвэр даруулав.

Мөн жинд  олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа АНУ, Унгар, Румын, Канадын бөхчүүдийг дараалан ялж шигшээ барилдаанд 2021 оны Ослогийн дэлхийн аварга Японы залуу од Акари Фүжинамитай учраа таарав. Акари манай бөхийг сайн судалсан байв. Фүжинами 10:0 ялснаар дараалсан ялалтын тоогоо 111-д хүргэлээ.

Япон охин 2017 онд дунд сургуульд байхдаа ялагдсанаас хоыш өвдөг шороодоогүй байна. Тэр Загребийн тэмцээнд тав барилдахдаа нийт 51:0 оноогоор ялжээ.

Фүжинами тэмцээний дараа “Монгол бөх намайг хөлдөө оруулах гээд байх шиг санагдсан. Харин би эсрэг тактикаар барилдаж яллаа” гэж ярьсан байна. Тэрээр өнгөрсөн жил гэмтлийн улмаас ДАШт-д оролцоогүй ч одоо бүрэн эдгэрч, Мэйжи цом, Азийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Мэйжи цомоос алтан медаль авбал Белградад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдана гэсэн үг. Белградаас авсан медаль нь түүнд Парисын олимпод оролцох эрхийг автоматаар олгох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 06

10:0дуулах чинь чинь тэгээд одоо гайхуулаад байх хэрэг юм уу, япон гэхээр л сургаар нь явчихдаг энэ хэдэн бехенцерийнхее тархи толгойтой нь ажиллаач, хар бяраар барилддаг цаг аль эрт дууссан ш дээ

3  |  2
Top