Монголын шигшээ баг Ооцүка Ичиротой гэрээгээ 2 жилээр сунгалаа

2023 оны 02 сарын 09

Монголын хөлбөмбөгийн холбооноос Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ооцүка Ичиротой гэрээгээ хоёр жилээр сунгажээ. Тэрээр Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд манай шигшээ багт 2022 оны нэгдүгээр сараас ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд Ооцүка Ичиро шигшээ багтай хамт 7 тоглолт хийж, 2 ялалт, 2 тэнцээ, 3 ялагдсан байна. Япон мэргэжилтэн манай шигшээд 2025 оны нэгдүгээр сарын 31 хүртэл ажиллана.

Ооцүка Ичиро “Үндэсний шигшээ багийн хувьд ирэх аравдугаар сард эхлэх 2026 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний шатыг амжилттай давах нь гол зорилго. Дараагийн шатанд шалгарч Японы шигшээтэй тогломоор байна. 23 хүртэлх насны баг ирэх намар Азийн наадамд оролцох боломжтой байгаа. Багаа том тэмцээнд ялдаг болгохоор ажиллаж байна. Гуравдугаар сард бид Гүржийн шигшээ багтай талбай дээр нь өрсөлдөнө. Монголын шигшээ анх удаа UEFA-гийн гишүүн оронтой тоглох юм. Цаашдаа чухал, том тоглолтууд хийх болно” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Ооцүка Ичиро

1964 оны 11 дүгээр сарын 3-нд төрсөн. Тоёома мужийн Тоёома хотын уугуул.

9 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Тоёома хотын нэгдүгээр сургууль, Хоосэй их сургуулийн багт тоглож байсан. Төгсөөд Фүрүкава Дэнки компанийн багт орж, хоёр жил тоглоод зодог тайлсан.

Фүрүкава Дэнки компанитай харилцаатай ажилладаг Английн Вест Хэм багт нэг жил дасгалжуулагчийн дадлага хийж, Английн 18-аас доош насны багт ажиллах лиценз авсан. 1990 онд Япондоо харьж, ALO's Hokuriku багийн дасгалжуулагч болсон. 1995 онд 50 дахь удаагийн Фүкүшима тэмцээнд тоглогч, дасгалжуулагчийн хувиар оролцож, анхны цомоо авсан.

2002 онд багаасаа гаран, хувиараа бизнес эрхлэн ажиллаж байхдаа Тоёома мужийн багийн дасгалжуулагчаар ажилласан. 2004 онд UEFA-гийн А лиценз авсан Японы хоёр дахь дасгалжуулагч болжээ. 2005 онд Сингапурын Albirex Niigata Singapore багт очиж, 2 жил ажилласан. 2008 онд Тоёома нэгдүгээр сургуулийн туслах дасгалжуулагч, 2012 оноос ерөнхий дасгалжуулагч болсон. 2014 онд багаа Бүх Японы ахлах сургуулиудын аварга болгосон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top