Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн 30 орчим тамирчин чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Бриджбхушан Шаран Сингхийн эсрэг тэмцэлд нэгдээд байна. Тэдний тэмцэлд эрэгтэй чөлөөт бөхийн лидер Бажран Пуния нэгджээ.
Азийн наадмын аварга, ДАШТ-ий медальт Винеш Пхогат эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байгаа бөгөөд Сингхийг эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг байсан гэж мэдэгдээд байгаа юм.
Бэлтгэл, цугларалтын үеэр дасгалжуулагч нар ч тамирчдаа хүчирхийлдэг байсан гэж тэд зарлаж, Холбооны тэргүүнийг ажлаас нь халж, Шүүхээр шийтгэхийг шаарджээ.
Бриджбхушан Шаран Сингх нь Эрх баригч намын гишүүн, Энэтхэгийн хөлөө бүхий хүмүүсийн нэг. 2011 оноос хойш Чөлөөт бөхийн холбоог удирдаж, гурван удаа дахин сонгогдоод байгаа.
Сингх “Арав гаруй жил хэн ч надад гомдол гаргаж байгаагүй, бэлгийн хүчирхийлэл хийж байгаагүй, хийсэн бол амиа хорлох байсан” гэж мэдэгдээд энэ бол гуравдагч этгээдүүд тамирчдыг ашигласан улс төрийн хуйвалдаан гэж өөрийгөө өмгөөлжээ.
Энэ явдал Энэтхэгт маш их дшуугиан тарьсан тул Энэтхэгийн ҮОХ, Спортын яамнаас хэргийг мөрдөн шалгах тусгай хороо байгууллаа. Хорооны шалгалт дуустал Сингхийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.
Ирэх гуравдугаар сарын сүүлээр Нью-Делид Азийн АШТ явагдах ёстой. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэмцээнийг Бахрейнд шилжүүлэх гэсэн боловч Энэтхэгийн Засгийн газар асуудлыг өмнө нь шуурхай шийдвэрлэж чадна гэж баталсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүчинддэг байсан гэж бичих нь зөв. Хүчиндэх, хүчирхийлэх 2 өөр юм шүү. 2 өөр ойлголтыг нэгэтгэснээр гэмт хэрэгт ялгаатай хандах иргэдийн хандлагыг хүчээр өөрчлөх гэсэн далд сонирхол яваад байна. Миний бодож буйгаар их хурлын гишүүдийн хүүхдүүд хүчиндэх гэмт хэрэгт маш их хэмжээгээр орооцолдох болсоноор ийм сэдэл үүссэн болов уу. Их хурлын гишүүний хүүхэд нэг охиныг хүчинджээ. Их хурлын гишүүний хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэгт холбогджээ. Ялгааг нь мэдэрч байна уу?