Өчигдөр шөнө Премьер лигийн нэг тоглолт явагдаж, хүснэгтийг тэргүүлэгч хоёр баг халз туллаа. Манчестер Сити баг супер тоглолтод Арсеналыг 3:1 буулган авч, нэгт бичигдэж эхэллээ. Энэ тоглолт намар болох байсан ч Хатан хаан таалал төгссөнтэй холбогдуулан хойшлогдоод байсан юм.
Тоглолтын хувьд Арсенал маш их алдаа гаргаж, өөрсдөө ялалтаа бараг өгсөн гэхэд болно.
Эхлээд япон хамгаалагч Томиясү хаалгачдаа өгөх гэж байгаад Кевин Де Брюйнед “дамжуулж” орхисныг Кевин гоол болгосон. Дараа нь маргаантай гэхээр пенальтиг Букайо Сака хийж тоог тэнцүүлсэн.
Хоёрдугаар үед Габриэлийн алдаатай дамжуулалт Холанд дээр ирж, Гюндоганаар дамжаад Грилиш хийлээ. Тоглолтын төгсгөлд сүүлийн 3 тоглолт нам гүм байсан Холанд гоол хийснээр Сити ялалт байгууллаа.
Ман Сити 11 тоглолт дараалан Арсеналыг ялж байгаа нь энэ. Эхний 10 тоглолтын нийт гоолын харьцаа нь 26:3. Харин одоо энэ харьцаа 29:4 болсон. Хамгийн сүүлд Ареснал Ситигээс оноо салгасан нь алс тэртээ 2017 онд 2:2 тэнцсэн тоглолт байжээ.
Хоёр баг оноо тэнцсэн ч Арсенал нэг тоглолт дутуу байгаа.
Арсенал – Манчестер Сити 1:3 (1:1, 0:2)
Эмирейтс
Гоол: 0:1 – 24 де Брюйне, 1:1 – 42, пенальти Сака, 1:2 – 72 Грилиш, 1:3 – 82 Холанд.
Арсенал – Рэмсдейл, Томиясу (Уайт, 83), Габриэл, Салиба, Зинченко, Жака (Фабиу Виейра, 83), Жоржиньо, Эдегор, Сака, Нкетиа, Мартинелли (Троссард, 76).
Манчестер Сити – Эдерсон, Уокер, Аке, Рубен Диаш, Бернарду Силва, Грилиш (Фоден, 77), Гюндоган, де Брюйне (Филлипс, 87), Родри, Марез (Аканджи, 61), Холанд.
Шар хуудас: Уокер (34), Эдерсон (36), Бернарду Силва (45), Томиясу (48), Грилиш (62), Нкетиа (64)
Хоёр баг ижилхэн 51 оноотой ч гоолын зөрүү Сити +36 бол Арсенал дөнгөж +26. Хорь хонгийн өмнө Арса найман оноо илүү явсан ч тэд нэгдүгээр сарын 22-нд Ман Юнайтедыг ялснаасаа хойш ялсангүй:
Эвертон – 0:1
Брентфорд – 1:1
Сити – 1:3.
Дараагийн тоглолтуудын хуваарийг дүгнээд FiveThirtyEight Ман Ситиг аварга болно гэж үзэж байна. Тэд Ситигийн аварга болох магадлал 62 хувь, харин Арсенал дөнгөж 35 хувь гэж тооцжээ.
Сэтгэгдэл ( 3 )
FiveThirtyEight Арсенал. 0.00000000000000001%тай гэж дүгнэсэн ч аварга болдогоороо болно.
Ориг арсенал эргээд иржээ, доо ч аварга авдаг хударчлаа даа
Арсеналын аварга болдог хөг ч өнгөрч байх шиг, туршлгагүй залуучуудаас бүрдсэн, залуу дасгалжуулагчтай баг цаашид сититэй аваргын төлөө өрсөлдөхөд хэцүү, сэтгэл зүй нь дийлэхгүй