Сүхбаатар аймгаас Улсын Хошой аварга нэг, Улсын аварга малчин долоо төрлөө

2023 оны 02 сарын 24

“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас Улсын “Хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин өрх” 7 тодорлоо. Тус аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдаас тодорсон “Монгол Улсын аварга аварга малчин өрх”-ийн шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Мөнхзаяа болон холбогдох албаны хүмүүс  малчны хотонд нь очиж хүндэтгэл үзүүлэн, гардуулж өглөө.

1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумд сар шинийн босгон дээр тус бүр хос “Монгол Улсын аварга малчин өрх”-тэй болж байна. Эрдэнэцагаан сумын Цагаан Овоо багийн малчин “Монгол Улсын аварга малчин өрх” Лүмбэндашийн Отгонбаярынх Далай булагтаа өнтэй сайхан өвөлжиж байна.

Аварга малчид 2000 онд 30 гаруй тооны малтай өрх тусгаарлаж байсан бол 20 гаруй жилийн хугацаанд сум, аймаг, улсын аварга малчин болтлоо мал сүргээ таван төрөлдөө өсгөн сайхан амьдарч байна. Туслах 2 малчинтай аварга малчных нийт 10 гаруй айлыг малжуулж, тусад нь гаргаад байгаа юм.  

Удам дамжсан аварга малчид малаа таван төрөл дээр нь өсгөж, ховордож буй тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч, ажилч, чамбай байдлаа үр хүүхдэдээ үлгэрлэж явна.  Малчин хүн хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтад хүрч болдог гэж аварга малчин онцолж байлаа.

2. Эрдэнэцагаан сумын Хөндлөн халайс багийн малчин Ганжуурын Бөхчулуун Өгөөмөр хэмээх газарт өвлийг өнтэй давж хаврын сартай золгож байна.

Арван зургаан настайгаасаа  мал маллаж эхэлсэн тэрээр 33 жилийн хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж “Аварга малчин” хэмээх хүндтэй шагнал авч байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа. Эрдэнэцагаан сумын анхны мянгат адуучин болж байсан тэрээр  малаа тогтмол эргэлтэд оруулахаас гадна илүү нугаламтай, үзэмчин хонио өсгөн үржүүлж байна. Малынхаа таваарлаг байдалд анхаардаг Г.Бөхчулуун “Чанартай мал л өсдөг дөө” хэмээж байв.  Аварга малчных дөрвөн хүү, нэг охинтой бөгөөд хөвгүүд нь удам залгасан малчин болж байгаа аж.

3. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн малчин Батболдын Сүхбаатар өнөө жил “Улсын аварга малчин” боллоо. Малаа таван төрөлд өсгөж малынхаа чанарыг сайжруулж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа заан сургаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж явна.

Мал сүргийн ихэнхийг хонь, ямаа, үхэр эзэлдэг. Баяндэлгэрийн улаан ямаанаас ноолуур гарган авч зах зээлд борлуулан, 50-60 сая төгрөгийн орлого олдог. Мөн ашиг шим сайтай Сэлэнгэ үүлдрийн бух тавьж, үхэр сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ махны чиглэлээр 5 мах бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Энэ ажилсаг гэр бүл мал маллах арга ухаанаа залууст зааж сурган 8 туслах малчныг малжуулжээ. Малаа тарга тэвээрэг авхуулахын тулд отроор голдуу нүүдэллэдэг6


4.Сүхбаатар аймгийн Сүхбаатар Баянгол багийн  малчин Цэндийн Ариунбаатар, Ц.Мөнхзул нар “Монгол Улсын АВАРГА МАЛЧИН ӨРХ”- өөр тодорлоо. Удам дамжсан малчных 1992 оноос хойш мал маллаж 2002 онд аймгийн аварга малчин болж байсан бол 11 жилийн дараа улсын аварга болж байгаа нь энэ. Малынхаа тоо толгойноос илүү үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхаардаг  тэрээр өвлийг өнтэй сайхан давж хаврын сартай золгож байна. Малаа таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ мал маллах залуу үеэ бэлтгэж, 3 өрхийг малжуулжээ.  Аварга малчин Ц.Ариунбаатарын ах нь өнөө жил аймгийн аварга, отгон дүү нь сумын аварга малчин болсон сайхан мэдээтэйгээр туулай жилийг угтаж байна. Малчин хүн эртэч байх хэрэгтэй гэдгийг аварга малчин онцолж байв. Сүхбаатар сумын “3 сүүл” гэдэг газар өнтэй сайхан өвөлжиж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.205) 2023 оны 02 сарын 25

Энэ улсын аварга малчин гээд байгааг ер ойлгохгүй юм, ямар соц үе шиг улсын мал маллаад байгаа ч биш, хувийнхаа малыг л маллаж байгаа улс ш дээ, улсад татвар төлөхгүй, тэгсэн мөртөө улсаас авах шунал нь хязгааргүй

0  |  0
Top