Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 17-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг өчигдөр гаргасан билээ. Сэкивакэ цол хүртсэн манай бөх Кирибаяма Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, баярын сэтгэгдээ хуваалцлаа. Кирибаяма бол дараагийн озэки гэгдэж байгаа сүүлийн үеийн шилдэг бөхчүүдийн нэг юм.
Кирибаяма “Банцүкэд нэр минь ёкозүна, озэкигийн дараа бичигдсэнд их баяртай байна. Анх сүмод орж байхад сэкивакэ үүлэн дээр байгаа мэт л хол санагдаж байсан” гэж ярив.
Тэрээр өнгөрсөн Нэгдүгээр сарын тэмцээнд 11 давсан. Хаврын тэмцээнд дахин сайн барилдвал озэки цолны болзол 33 даваанд тун дөхөж очих юм. Харин Кирибаяма энэ талаар “Озэки цол гээд бодоод эхэлбэл биеэ бариад, сандарч эхлэх тул бодохгүй барилдана. Бэлтгэл сургуулиа сайн хийгээд хичээж зүтгэх болно. Хийх ёстой зүйлээ хийгээд явахад үр дүн заавал гардаг. Озэки хэзээ ч болохгүй гэж бодож байсан үе бий ч одоо банцүкэгээ харахад ойрхон иржээ” гэж ярьж байна. Сэтгүүлчид өрсөлдөгчийг нь асуухад “Сэкивакэ Хоошёорюү. Монголд байхдаа хамт жүдогийн клубт хичээллэж байлаа. Хоошёорюү, Вакатакакагэ хоёроос түрүүлж, цол ахих сан гэсэн бодол бий. Энэ сар дөрвөн дэвжээнд очиж, бөхчүүдтэй нь хамт бэлтгэл хийлээ. Ёкозүна Тэрүнофүжитэй хамт бэлтгэл хийсэн. Хаврын тэмцээнд юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлээд дараа нь аль болох олон давахыг хичээнэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Одоо энэ сумог үздэг хүн байдаг юм болов уу, нэг л их сумогийн мэдээ явах юм
Хайртай жинхэнээсээ!
amjilt khusie demjdeg shuu