Кинбозан: Аав, ээжийнхээ төлөө хичээж барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 01

Энэ сарын 12-нд Осакад эхлэх мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд дээд зиндаанд анх удаа казах бөх барилдана. Энэ бол Кинбозан хэмээх  Ерсин Балтагул.

Тэр "Кисэ" дэвжээний бөх, 25 настай, 192 см өндөр, 174 кг жинтэй. Казахстанд жүдо бөх барилдаж байсан Ерсин хүүг анх манай Асашёорюү аварга харж, мэргэжлийн сүмод урьсан түүхтэй.

Тэрээр 18 настайдаа Японд ирж, аваргын тусламжтайгаар их сургуульд элссэн. Ерсин Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд хагас шигшээд шалгарсан амжилтаар мэргэжилд санданмэгийн 100-гаас барилдах эрх авсан юм. Таван башё барилдаад л жюүрёод гарсан. Мэргэжилд бүх тэмцээндээ 50 хувийн амжилт үзүүлсэн бөх.  

Кинбозан банцүкэ гарсан өдөр Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Юуны өмнө Казахстаны анхны дээд зиндааны бөх болсондоо маш их баяртай байна. Уг нь нэг, хоёр тэмцээний өмнө дэвших боломж байсан. Ирэх башёд дээд зиндаанд 50 хувийн амжилтаа үзүүлж, ээждээ бэлэг барих зорилготой. Гол нь гэмтэхгүй байх. Сая ээжийн бие муудаад эх орондоо хариад ирлээ. Ээж минь “Үс чинь ямар их ургаа вэ”, “Улам хүчтэй болоорой” гэж захисан. Казахстанд сүмо бөх сайн мэдэхгүй болохоор хүмүүс намайг танихгүй байсан. Зурагтаар сүмо гардаггүй тул юүтүүбээр л үздэг юм байна лээ. Манай улс чөлөөт бөх, жүдо, боксоороо алдартай. Казахстанаас залуус сүмо болохоор Японд ирээсэй гэж боддог” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
 


Кисэ ояката “Итгэл найдвар тавьж байсан ёсоор л дээш гараад ирлээ. Түүний цүппари маш хүчтэй. Анх мэргэжилд орж ирэхдээ л цолтой бөхчүүд шиг чадалтай байсан болохоор нь төрсөн нутаг Күмамото мужийнхаа Кинбозан уулын нэрийг хайрласан юм. Хав золгож барилдахдаа сайн ч цүппари хийгээд дайрахдаа 90 хувь ялах магадлал өндөр. Комүсүби болтлоо цүппаригаа хийж барилдаг. Гол нь ялахын тулд зайлж, зугтахгүй байх хэрэгтэй. Сая гэрбүлийн гачигдлаар нутагт нь хариуллаа. Тэндээс өдөр бүр бэлтгэл хийж байгаа зураг, бичлэгээ илгээж байсан. Нутагтаа хариад сэтгэл санаа нь сэргээд ирсэн байх учиртай” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Осман(193.41.131.186) 2023 оны 03 сарын 03

Жігіттің төресі бол қасыңдағы монголдарға жағымды бол сенім арт өркенің өссін ұлым

2  |  1
Top