ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин саяхан нэгэн ярилцлагадаа "Шоронд орж байсандаа харамсдаггүй" гэх зэргээр ярьсан нь Орост шуугиан тарьсан.
Цагтаа Оросын хамгийн авьяаслаг хөлбөмбөгч гэгдэж байсан Кокорин өөрийгөө дайчлалгүй байсаар боломжоо ашиглаагүй, одоо Киприйн Арис гэдэг жижиг багт замналынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж байгаа билээ.
Яагаад шоронд орсныг нь сануулахад Кокорин найз Павел Мамаевын хамт 2018 оны 10-р сарын 8-нд Москва хотноо уун согтуурч, эхлээд "Первый канал" сувгийн хөтлөгч Ольга Ушаковагийн жолоочийг зодсон, дараа нь Аж үйлдвэр, худалдааны яамны томоохон түшмэл Денис Пак хэмээх солонгос гаралтай эрхмийг сандлаар цохиж, арьс өнгөөр ялгаварласан хэрэг үйлдсэн юм. Алдартай хөлбөмбөгчид танил талаараа дамжуулан мултрах гэж оролдсон ч Пак тун шазруун эрхэм байсан бөгөөд үнэн зөвийн төлөө тэмцсээр шигшээ багийн хөлбөмбөгчдөд 1 жил 6 сарын ял оноож чадсан. Шоронд тэд хөлбөмбөг тоглон, хоригдлуудад заан, үлгэр жишээ байсан гэдэг шалтгаанаар нэг жил суугаад гарсан юм.
YouTube сувгийн "Суперлига" шоунд оролцохдоо Кокорин “Нэгэнт өнгөрсөн хэрэг тул шоронд орсондоо харамсдаггүй. Маш том туршлага, сайн сургууль болж өгсөн. Ийм сайхан сургуульд суралцаж, мэдрэхийн тулд эр хүн болгон шоронд ороод үзчих хэрэгтэй. Мөрдөнд залуусыг ганц, хоёр сар суулгачихад болоод явчихна. Ер нь торны цаана суугаагүй бол эр хүн биш гэхэд болно” гэжээ.
Хөтлөгч Сергей Брейн түүнээс “Хэрэв одоо өнгөрснийг өөрчилж болно гэвэл 70 сая рубль төлөх үү” гэж асуухад Александр “Үгүй. Миний зөв байсан. Зодоон хийснээ бид хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Бидэнд танхайн хэргээр ял оноосон. Бараг зохион байгуулалттай хүн зодсон мэт л үзсэн” гэж хариулсан юм.
Алдарт хөлбөмбөгчний энэ үг нийгэмд ямар хор хохирол учруулж болох талаар маш олон хүн шүүмжилжээ.
Харин түүнтэй хамт хэрэг хийж, шоронд орсон Мамаев Коккорины үгийн талаар “Хүн болгон өөрийн бодолтой. Миний хувьд шорон надад сайн юм юу ч авчраагүй. Туршлага болсон гэж хэлж болох ч шоронгоос би сайн юм юу ч аваагүй. Энэ талаар юм ярьмааргүй байна” гэж сэтгүүлчдэд хариулсан байна.
Бизенс эрхлэгч, залилангийн хэргээр хоригдож байсан Сергей Полонский “Кокорин ямар нөхцөлд хоригдож байсныг би мэдэхгүй. Гэхдээ түүнийг илүү тухтай нөхцөлд байлгасан нь мэдээж. Хөлбөмбөгчдийн хөл нь л ажилладаг, гар, тархи нь огт ажилладаггүй гэдэг энэ үгнээс харагдаж байна” гэжээ.
Спортын тайлбарлагч Орлов “Саша Кокорин шоронд сайн сургуульд суралцсан юм шиг байна. Туршлага авахын тулд заавал шоронд ороод байх шаардлага байхгүй. Ихэнх хүн торны цаана оролгүй сайн боловсрол олдог. Хэрэв тэр үнэнээсээ ингэж хэлсэн бол аймшигтай байна” гэсэн байна.
Харин Олимпын аварга, Төрийн Думын депутат Ирина Роднина “Манайд шоронд хоригдсон тамирчин цөөхөн. Тамирчин болгонд ухаан суух арга янз бүр. Заримд нь анхааруулга, заримд нь гэмтэл бэртэл, нэгэнд нь осол тус болдог. Харин Кокорин бол шоронд сууж байж ухаан суусан юм байна. Спортод шударга өрсөлдөөн, хүндлэл байх ёстой гэдгийг тэр одоо болтол ойлгоогүй бол үхэх хүртлээ ойлгохгүй” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )