Гүржийн хөлбөмбөгийн холбооноос энэ сард болох шигшээ багийн хоёр тоглолтын тасалбар худалдаанд гарсныг мэдээллээ.
Гүржийн шигшээ баг гуравдугаар сарын 25-нд Монголын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх бол 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм. Тэгэхээр Монголтой хийх тоглолт Европын АШТ-ий тоглолтын өмнөх том бэлтгэл болох тул Гүржийн бүх шилдгүүд талбай дээр гарах нь ойлгомжтой. Гүржийн баг Еврогийн А хэсэгт Испани, Шотланд, Норвеги, Кипртэй өрсөлдөх юм.
Батуми хотын шинэ цэнгэлдэхэд явагдах хоёр тоглолтын тасалбар өчигдөр Тбилисийн цагаар 12.00 цагт худалдаанд гарж, Норвегитой хийх тоглолтын тасалбар хэдхэн цагт дуусчээ.
Тасалбарын үнэ хоёр тоглолт адилхан 10, 25, 50, VIP суудал 100 ларигийн үнэтэй. Нэг лари 0.40 ам.доллар.
Гүржийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль Европын лигт тоглодог шилдгүүдээ дуудаад байна.
Сэтгэгдэл ( 0 )