UFC: Жонс эргэн ирж, Шевченко ялагдсан үдэш

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 05

Лас-Вегаст өнөөдөр (2023.03.05) болсон холимог тулааны UFC 285 тэмцээн үзэх харах юм ихтэй, сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө.

Хагас хүнд жинд олон жил ноёрхсон Жон Жонс гурван жил завсарласны эцэст эргэн ирэхдээ хүнд жингийн аваргын бүсний төлөө тулалдсан. Өрсөлдөгч олдохоо байсан босоо аварга, Киргизийн Валентина Шевченко Мексикийн тамирчинтай бүс хамгаалах тулаанаа хийсэн, Казахстаны ялагдалгүй тулаанч Шавкат Рахмонов АНУ-ын Жефф Нилтэй үзэлцсэн гээд гол гурван тулаан үнэхээр гал гарсан тулаан болох ёстой байлаа.
 


Эхлээд торонд гарч ирсэн казах залуу өөртөө итгэлтэй, тун задгай тулалдсан. Хэд хэдэн хүнд цохилт авч, эвгүй байдалд орох шахсан ч гуравдугаар үед босоогоос боож, цэвэр ялсан. Шавкат нийт 17 тулалдахдаа бүгдийг цэвэр ялсан. Үүнээс есийг нь боох, өчих мэхээр, наймыг нь хүнд цохилтоор байгуулжээ. Тэрээр тулааны дараа Колби Ковингтоныг тулаанд дуудсан, харин холбооны ерөнхийлөгч Дана Уайт казах залууд аваргын бүсний төлөөх тулаан өгнө гэдгээ амалсан юм.

Дараагийн тулаан сүүлийн үед холимог тулаанд гараагүй сенсаац авчирлаа. Киргиз, Перугийн давхар иргэншилт Валентина Шевченко Мексикийн Алекса Грассотой тулалдлаа. Мэргэжилтэн, шинжээчид бүгд Шевченког ялна гэж байлаа. Үнэхээр ч киргиз бүсгүй жиндээ тасархай аварга. Босоогоос илүүрхэж чадахгүй, цохилт аваад байсан ч үе бүрд хэвтээд шилжүүлж, оноо авсаар байлаа.
 

Харин мексик бүсгүй үе өнгөрөх тусам өөртөө итгэлтэй болж, хэвтээгээс ч аваргатай ана мана үзэлцэж байв. Дөрөвдүгээр үед Шевченко арагш эргэж өшиглөх гээд алдсан. Үүнийг нь ашиглаад Грассо араас нь боож, аваргын бүсийн эзэн боллоо. Бүх үед илүүрхсэн Шевченко ганц алдааныхаа уршгаар ийнхүү 2018 оноос хойш хамгаалсан бүсээ алдлаа. Уг нь ялсан бол найм дахь удаагаа бүсээ хамгаалах учиртай байлаа. Одоо холбооноос түүнд даагаа нэхэх боломж олгох эсэхээс Шевченкогийн аваргын бүсгүй хэр удах шалтгаална.  

Жонсын эргэн ирэлт UFC холбооны хувьд маш чухал үйл явдал байлаа. Тэр бол бүх цаг үеийн шилдэг тулаанч. Шагналын мөнгөө голоод холбоотой муудалцсаар гурван жилийг хоосон өнгөрөөсөн. Хагас хүнд жингийн бүсээ орхиж, хүнд жингийн аваргын бүсийн төлөө тулалдах тохиролцоонд хүрээд эргэж ирсэн юм. 20 кг жин нэмсэн Жонсыг хурдгүй болсон гэж фэнүүд нь санаа зовж байсан ч Жонс хүнд жингийн чансааг тэргүүлэгч шилдэг Сирил Гантай нь тулалдахдаа огт түүртсэнгүй. Эхний үеийн ес дэх секундэд эмзэг газраа өшиглүүлж, тулаан хэсэг саатсан ч хоёрхон минутын дараа боогоод цэвэр ялж, Рэнди Кутюр, Би Жей Пенн, Конор Макгрегор, Жорж Сен-Пьер, Даниэль Кормье, Аманда Нуньес, Генри Сехудо нарын адил хоёр өөр жингийн аварга боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top