Б.Жавхлан: Монголын хоккейн түүхэнд тэмдэглэх үйл явдал болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

"Степпе-Арена" цэнгэлдэх хүрээлэнд шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
 

Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Таиланд, АНЭУ, Туркменистан, Узбекистан, Ираны багууд өрсөлдөж байгаа юм.
 

Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа тивийн хэмжээний том тэмцээн зохион байгуулж байгаа нь энэ.
 

Удахгүй ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тэмцээн бас Степпе-Арена цэнгэлдэх хүрээлэнд болно. Мөрөөдөл биелүүлэх Мөсөн өргөө үнэхээр үе үеийн хоккейчдын мөрөөдлийг биелүүллээ.
 

Монголчуудынхаа өмнө олон улсын хэмжээний спорт цогцолборт тивийн аварга, дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө гэдэг хэзээ ч биелэхгүй мөрөөдөл мэт санагдаж байлаа.
 


Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээний нээлтэд Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон Хоккейн холбооны Дэд ерөнхийлөгч, Олон Улсын Хоккейн Холбооны зөвлөх А.Мэргэн, Олон улсын хоккейн холбооны Дэд ерөнхийлөгч Аиваз болон бусад албаныхан оролцлоо.
 


Б.Жавхлан ерөнхийлөгчийн хувьд олон жил хоккейчдоо битүү дээвэртэй ордонтой болгох ажлыг уйгагүй хийж ирсэн хүн. Дархан, Эрдэнэт, Багануурт ордон байгуулах гэж хөөцөлдөн, гадаад дотоодын олон компанитай холбоо тогтоож байсан юм.

Тэрээр нээлтийн ёслолд “Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Олон Улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт Олон Улсын хоккейчдоо, Олон Улсын шүүгч, баг тамирчдаа, хүндэт зочдоо, нийт хоккейчдоо, спортын хөгжөөн дэмжигчдээ, та бүхэндээ энэ сайхан оройн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд ТАВТАЙ МОРИЛНО УУ.
 


Монгол Улсын засгийн газраас Монголд зочлох жил болгон зарлаад байгаа энэ цаг үед та бүхэн айлчлан ирж Монгол Улсын мөсөн ордонд сэтгэл догдлуулсан уран гоё тоглолтуудаа үзүүлж байгаад баяртай байна. Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байгаа бөгөөд Дэлхийн хоккейн холбоо Монгол улсад зохион байгуулах эрхийг олгосон явдалд баярласан талархсанаа дахин илэрхийлмээр байна.
 


Мөн энэхүү олон улсын тэмцээнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна.

Ази номхон далайн эрхэм хоккейчид маань нөхөрсөг хэрнээ өрсөлдөөнтэй мөсөн дээр гал гаргасан тоглолтуудаа үзүүлэн дэлхийн тоглогчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ нүдийг баясган, баярлуулж байгаад туйлын их баяртай байна. Манай мөсөн ордон Степ Арена хагас сарын турш хоккейгоор амьсгалж ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудаар дүүрэн байх нь ээ.

Тэмцээнд оролцож өрсөлдөж буй Тайланд, Туркменистан, Узбекистан, Иран, АНЭУ болон Монголын баг тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсье. Уран гоё, хурдтай хүчтэй, тоглолтуудаар өрсөлдөж улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй. Баярлалаа.

Дэлхийн хоккейн спорт мандтугай!” гэж хэллээ.
 


Монгол Улсын баг одоогоор нэг ялалттай яваа бөгөөд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, туслах дасгалжуулагчаар Н.Мишигсүрэн, Ж.Баярсайхан нар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top