Японы жүдо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 7-14-нд Дохад болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.
Японы баг дөрөвдүгээр сард болдог УАШТ-ий дараа дэлхийн аваргын багаа зарладаг ч энэ жил ДАШТ-ий хугацаа өөрчлөгдсөн тул ийнхүү эрт зарлаж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард уг нь зарласан ч зарим жүдоч тэмцээний өмнө жиндээ орж чадалгүй хасагдсаны улмаас дахин сонгон шалгаруулалт хийсэн байна. Тамирчид ДАШТ-ий зорилгоо хуваалцлаа.
Эрэгтэй
60 кг - Наохиса Такато: Хэд дэх түрүү билээ гэсэн юм бодолгүй, юуны өмнө алтан медаль авч, ирэх олимптой холбох хэрэгтэй. Барилдаан болгондоо уран сайхан биш ч байсан хамаагүй, гол нь ялах. Ер нь бол барилдааныг бүхэлд нь хянаж, цэвэр шидэх энэ тэр гэхээсээ илүү илт давуу барилдах зорилготой байгаа. Манай жин нийтдээ түвшин нь дээшлээгүй мэт санагдаж байна. Шинэ залуу тамирчид гарч ирсэн ч онцлоод гар зөрүүлчихсэн гэж бодмоор жүдоч алга. Болж өгвөл сулхан өрсөлдөгчидтэй таараад түрүүлэхийг хүсэж байна.
66 кг - Хифүми Абэ: Гол өрсөлдөгч минь би өөрөө. Өөрийгөө ялаад дэлхийд хоёр дараалан түрүүлэх, ДАШТ-ий 4 дэх алтан медалиа авах зорилготой. Энгийнээр хэлэхэд харсан хүн бүхэн “Абэ үнэхээр хүчтэй юм” гэж бодохоор барилдаан үзүүлнэ. Жинд маань хэн дээш шалгараад гарч ирэхийг таашгүй. Хэн ч байсан хүч чадлаа 100 хувь гаргаж чадвал хэнд ч ялагдахгүй итгэл байна.
Жоширо Марүяма: Өөртөө итгэж, тууштай барилдах болно. Эцсээ хүртэл бууж өгөхгүй, дайчин сайхан барилдаанаа хүмүүст харуулмаар байна. Барилдахыг хүссэн, өрсөлдөгч гэж онцлох тамирчин алга. Бүх хүч чадлаа дайчлан барилдах болно.
73 кг - Соичи Хашимото: Шёохэй Оно байсан, байгаагүй миний хийх зүйл өөрчлөгдөхгүй. Дэлхийн аваргад түрүүлээд 73 кг-ын жин бол Хашимотогийн жин шүү гэдгийг батлан харуулах болно. 2023 он их чухал жил. Өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад заавал түрүүлэхийн төлөө хичээнэ. Гол өрсөлдөгч бол Монголын Ц.Цогтбаатар. Өнгөрсөн жил финалд ялагдсан тул дахин барилдаж, хариугаа авахыг хүсч байна.
81 кг - Таканори Нагасэ: ДАШТ эхлэхэд хоёр сар л үлдлээ. Мэдээж дэлхийн аварга болохын төлөө барилдана. Өрсөлдөгчдөө ямар ч боломж олгохгүй, хийгүй барилдах нь миний зорилго. Өнгөрсөн жилийн ДАШТ-д ялагдсан Гүржийн Тато Григалашвилитай барилдмаар байна. Одоо манай жинд хамгийн хүчтэй нь Тато болохоор түүнийг ялж, даагаа нэхмээр байна.
90 кг - Санширо Мүрао: Олимпын өмнөх ДАШТ тул маш чухал тэмцээн гэж бодож байна. Түрүүлэх зорилготой. Цаг дуусан дуустал иппон, цэвэр ялахын төлөө барилдана. Сая болж өнгөрсөн Ташкент Их Дуулгын финалд ялагдсан Узбекистаны Давлат Бобонов болон Токио олимпын аварга Гүржийн Лаша Бекауритай барилдмаар байна.
100 кг - Кэнтаро Иида: 100 хувь хүч чадлаа гаргаж чадахаар бэлтгэлээ базаах болно. Дэлхийд түрүүлэх зорилготой. Дархан мэх үчиматаг минь сайн анхаарч байгаарай. 100 кг-ын жин түвшин өндөр, өрсөлдөөнтэй тул хэнтэй ч барилдсан маш анхааралтай, басахгүй барилдах болно.
+100 кг - Тацүрү Сайто: Өнгөрсөн жилийн харамслаа тайлж, заавал түрүүлэх болно. Цаг дуустал шантарч, няцахгүй боломж болгоноо ашиглаж барилдахыг хичээнэ. Босоо, хэвтээ ялгаагүй, сайхан барилдаж, дандаа иппон ялах зорилготой. Барилдахыг хүч байгаа өрсөлдөгч гэвэл Ташкентын Их Дуулгын финалд ялагдсан Узбекистаны Алишер Юсупов, ДАШТ-ий шөвөгт хожигдсон Кубын Анди Гранда нараас хариугаа авах. Мэдээж Францын Тедди Ринертэй гар зөрүүлэх хүсэлтэй. Хамаг хүч чадлаа шавхан барилдахад түүнд ялагдана гэсэн сэтгэгдэл огт төрөхгүй байна.
Кокоро Кагэүра: Шигшээ багт дахин сонгогдох боломж гарсныг ашиглахгүй бол болохгүй. Дэлхийн хошой аварга болох зорилготой. Хүчтэй тал минь хурд гэж бодож байна. Хүнд жинд Тедди Ринерээс гадна сүүлийн үед Азийн жүдочид их сайн болоод байгаа. Судалгаагаа сайн хийх болно”
Дасгалжуулагч Сүзүки Кэйжи: Хоёр ДАШТ-ий хоорондхи зай маш богинохон байгаа нөхцөлд тамирчид бэлтгэлээ хийж байна. Одоо хоёр сарын хугацаа үлдлээ. Хийгээгүй үлдээсэн зүйл байхгүйгээр Дохад тамирчдаа яг формтой байлгах нь дасгалжуулагч бидний зорилго байх болно.
Сэтгэгдэл ( 0 )