Украины дайны улмаас олон улсын хоригт ороод байгаа ОХУ-ын спортын ертөнц Ази тивд бага багаар шилжсээр байна. Шатрын холбоо нь Азийн холбооны гишүүн болсон бол энэ жилийн Азийн наадамд Оросын чөлөөт бөх, гимнастикийн баг оролцох болоод байгаа. Харин хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн төрөлд оросууд Азид шилжих гэж яарахгүй байсан. Учир нь тэд зиндаа буурч, сул өрсөлдөгчидтэй тоглосноор балиашгууд, ивээн тэтгэгчид эрс буурна гэж тооцоолсон. Гэвч үнэндээ байдал ОХУ-ын эсрэг байгаа юм. Украин хэмээх Европ тивийн оронд дайн хийж байгаа, дүн өвлийн хүйтэнд байгалийн хий, шатахуунаар Европыг “чангалсан” зэрэг шалтгааны улмаас Европын орнуудад Оросын эсрэг хандлага хүчтэй болсон. Хөлбөмбөгийн баг нь Европын хаана ч очсон, том эсэргүүцэлтэй тулгарч, аюулгүй байдал хангахад хүндрэл үүсэх нь ойлгомжтой.
Ийм үед ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Төв Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээн, уралдаанд оролцох шийдвэр гаргажээ. Тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-21-нд явагдах юм.
CAFA буюу Төв Азийн хөлбөмбөгийн холбоо нь зургаан гишүүнтэй.
Иран – дэлхийн чансаа 24, Азийн чансаа 2;
Узбекистан – дэлхийн чансаа 77, Азийн чансаа 10;
Кыргызстан – дэлхий 94, Ази 16;
Тажикистан – дэлхий 108, Ази 20;
Туркменистан – дэлхий 135, Ази 24;
Афганистан – дэлхий 150, Ази 30.
Харьцуулахад ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийд 37-д бичигддэг. Энэ нь Ази тивийн бүх орнуудын дунд тавд орох чансаа юм. CAFA холбоо 2015 онд байгуулагдсан. Гишүүн зургаан орны хувьд ОХУ-тай дайсагналцсан орон байхгүй.
ОХУ-ын хөлбөмбөгчид Ази тивд бүрэн шилжих асуудлыг эхлээд оросууд өөрсдөө энэ сарын 31-нд болох ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Дөрөвдүгээр сарын 1-нд болох Европын хөлбөмбөгийн холбооны УЕФА хурлаар эцсийн шийдвэр гарна.
Сэтгэгдэл ( 0 )