Үндэсний дээд лигийн Шилдгүүд тодорлоо

2023 оны 03 сарын 14

Монголын Сагсанбөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа өнөөдөр /2023.03.14/ зохион байгуулагдлаа.

Үндэсний лигийн улирлын шилдгүүдийг хувь тоглогчийн статистик, багийн амжилт, багийн дасгалжуулагчид болон менежерүүдийн саналууд дээр үндэслэн тодруулсан байна.

Эмэгтэй лигийн шилдэг зургаа дахь тоглогчоор Эрдэнэт Майнерс багийн хамгаалагч У.Содцэцэцэг, шилдэг гадаад тоглогчоор Отгонтэнгэрийн Шилүүснүүд багийн легионер тамирчин Кристал Томас, шилдэг хамгаалан тоглогчоор М Гарьд багийн холбогч Ө.Индра, шилдэг дасгалжуулагчаар улиралд 8-2 амжилттай хүснэгтийг тэргүүлж дуусгасан Улаанбаатар Амазонс багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагваа нар тус тус тодорсон байна.

Харин эмэгтэй Үндэсний Дээд лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Улаанбаатар Амазонс багийн довтлогч Б.Ариунцэцэг тодорлоо. Тэрээр 22 насандаа улирлын үнэ цэнтэй тоглогч болж байна.

Эрэгтэй Дээд лигийн улирлын шилдэг дасгалжуулагч Эрдэнэт Майнерс багийн ахлах дасгалжуулагч Грек эрхэм Фрагиас Василиус, шилдэг зургаа дахь тоглогч М Гарьд багийн довтлогч Д.Дөлгөөнмөрөн, шилдэг шинэ тоглогч Налайх Бизон багийн холбогч Э.Тулга, улирлын шилдэг хамгаалан тоглогч Хасын Хүлэгүүд багийн хамгаалагч Т.Мэндбаяр нар тус тус нэрлэгдлээ.

Үндэсний Дээд лигийн энэ улирлаас эхлэн өгч буй  улирлын шилдэг гадаад тоглогч шагналын эзнээр Эрдэнэт Майнерс багийн Пендарвис Уиллиамс, харин хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорлоо. Т. Санчир сагсанбөмбөгийн замналдаа үндэсний дээд лигийн улирлын тав дахь MVP шагналаа хүртэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top