Япон жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 14-нд онлайн хуралдаж, 2024 оны долоодугаар сарын 26-нд эхлэх Парисын олимпын наадмын шигшээ багийг сонгон шалгаруулах шинэ системийг хэлэлцэн баталлаа.
Шинэ дүрмээр энэ оны зургаадугаар сард олимпын шигшээ багийн эхний гишүүд тодорч эхлэх юм.
“Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болон Дасгалжуулагчдын зөвлөлөөс жиндээ бусдаасаа тасархай, илт давуу тамирчны нэрийг Холбооны Гүйцэтгэх зөвлөлд дэвшүүлнэ. Зөвшөөрөгдвөл Олимпын шигшээ багт оруулна”
Ингэснээр ирэх тавдугаар сард Дохад болох ДАШТ өндөрлөсний дараа олимпын багийн эхний гишүүд сонгогдож эхлэх юм. Урьд өмнөх жилүүдэд намар болдог байсан ДАШТ энэ жил эрт болж байгаатай холбогдуулан ийм дүрэм гаргажээ.
Токио олимпын шигшээ багийг өмнөх жилийнх нь 12 дугаар сар болон 2021 оны хоёрдугаар сард сонгож байсан. Үр дүнд нь эрэгтэй 5, эмэгтэй 4 жинд алтан медаль хүртсэн амжилт гаргасан. Тиймээс шигшээ багийг эрт сонгох нь илүү гэж үзжээ.
Япон жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал Такаяма Кэн “Нэг жингийн тамирчдын дунд өрсөлдөөн бага, ялгаа их, ялгаагаа нөхөхөд хэцүү байдалд илүү тамирчныг шигшээ багт шууд сонгоно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
“Олимпын шигшээ багийг эрт сонгох нь тухайн тамирчныг гэмтэл бэртэл, сэтгэл зүйн стрессээс хамгаалах давуу талтай”
Ирэх ДАШТ-д дэлхийн 4 дэх алтан медалиа авахаар барилдах олимпын аварга Абэ Үта зэрэг ялагдалгүй, тасархай тамирчид зургаадугаар сард олимпын шигшээд багтах нь ойлгомжтой. Олимпоос 13 сарын өмнө олимпын багт орох нь хэр үр дүн өгөхийг “Парис-2024” наадам харуулах болно.
ДАШТ-ий дараа наймдугаар сард болох Мастерс, намар явагдах Азийн наадмын дараа олимпын багийн үлдсэн гишүүдийг сонгоно. Ижил түвшний хэд хэдэн тамирчин өрсөлддөг жингийн олимпын тамирчныг 12 дугаар сарын Токио Их Дуулгын өмнө сонгож, энэ жилдээ Японы олимпын шигшээ багийн 14 тамирчин бүрдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )