Энэтхэгийн нийслэл Нью-Делид Олон улсын сонирхогчдын боксын холбооноос хэвлэлийн бага хурал хийж, ерөнхийлөгч Умар Кремлёв оролцлоо. Тэмцээнд 66 орны 333 тамирчин өрсөлдөх юм.
Умар Кремлёв “Энэтхэгийн ард түмэн, Засгийн газар, Энэтхэгийн боксын холбоо, тус холбооны тэргүүн, миний анд найз Аджай Сингх болон бүх тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч нарт баярлалаа гэж хэлмээр байна. Энэтхэг улс эмэгтэй боксын нийслэл болсон. Бид одоо түүхэн үйл явдлын гэрч болж байна. ДАШТ-д оролцохын тулд тамирчид 10-15 жил бэлтгэдэг. Олон улсын боксын холбооны гол үүрэг бол боксчин бүр IBA холбоо түүний гэр гэдгийг мэдэрч байхад оршино. IBA холбоо өөрийн тамирчин, дасгалжуулагч, үндэсний холбоодыг хамгаалдаг, хамгаалах ч болно. Тэдний хувьд ялалтын дараа Төрийн дуулал нь эгшиглэж, далбаа мандах нь их чухал гэдгийг бид мэднэ. Тамирчид энэ мөчийн төлөө л тулалдаж байгаа шүү дээ. Бид энэхүү үнэт зүйлсийг хамгаалах болно. Мөн бид маш өндөр шагналын сан бүрдүүлсэн. Нийт 2.5 сая ам.доллар. Тамирчид амьдралаа хангаж, ирээдүйгээ бүтээхэд энэ шагналын сан хэрэгтэй. Цаашдаа тэмцээн болгонд шагналын сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Бас нэг чухал зүйл бол шударга шүүлт. Бүх шүүлт, холбооны санхүү тамирчдын хувьд шилэн, ил тод байх юм. Жинхэнэ хүчтэй нь ялж байх ёстой тул бид гаднын шинжээчдийг хянуулахаар урьсан. Профессор Ричард Макларений баг энэ ДАШТ-ий шүүлтийг хянах болно. Тамирчдад амжилт, сайхан тулаан, хөгжөөн дэмжигчдэд үзүүштэй сайхан тэмцээнийг хүсэн ерөөж байна” гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )