Боксын ДАШТ: М.Энхжаргал Вьетнамын боксчинг яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16


Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Өнөөдөр (2023.03.16) манай дөрвөн тамирчин эхний тулаанаа хийлээ.  

50 кг-ын жинд манай Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузыг 5:0 ялсан. 57 кг жинд М.Намуун Колумбын Арболеда Мендозатай таарч, 0:5 ялагдав. 52 кг-ын жингийн О.Есүгэн Тайландийн Preedakamon Tintabthai-тай тулалдаж, 4:1 оноогоор эхний ялалтаа байгууллаа.

54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын Thi Kim Anh-тай сугалаа таарсан. Тоглолт эхлээд вьетнам тамирчин тун идэвхтэй довтлон, хэд хэдэн оновчтой угсраа цохилтоор оноо авсан. Энэ үед вьетнам боксчин 3 онооны зөрүүтэй илүүрхжээ. Харин хоёрдугаар үед М.Энхжаргал бараг бүтэн үеийн турш явж тоглон, буланд шахаж байсан ч шүүгч нар энэ үед ч мөн Thi Kim Anh-д илүү оноо өгсөн байв. Ингээд шийдвэрлэх үе эхэллээ. Вьетнамын тамирчин цуцсан байсан бол М.Энхжаргал харин зогсолтгүй ажиллаж дайрлаа. Гуравдугаар үеийн 1,18 минутад хүнд цохилт нь оновчтой болж, вьетнам тамирчныг тоолуулсан. Илт илүүрхсэн гуравдугаар үеийн дараа 5:0 манай тамирчин энэ тэмцээний эхний ялалтаа авлаа. Ийнхүү эхний өдөр тулалдсан манай 4 тамирчнаас гурав нь яллаа. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.105) 2023 оны 03 сарын 20

Телегуудийг хожиж чадахгуй бол ДАШТ гэж явах хэрэггуй биш уу, телегтэй эн тэнцуу узэж, арай гэж ялж байна гэхээр манай бокс муудаад л байх шиг

1  |  0
Top