Асахакүрюү Р.Жамъянтогтох зургаа дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Японы Осакад мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр жонокүчи зиндаанд нэг ч өвдөг шороодоогүй байсан хоёр бөх учраа тааран барилдлаа. Асахакүрюү өнөөдөр Вакайкаритэй барилдаж, цүриотоши мэхээр ялснаар зиндаандаа 6 даваатай тэргүүлж эхэллээ.

Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд элсэн орж, Асахакүрюү 朝白龍 буюу Өглөөний цагаан луу нэрээр барилдаж байгаа билээ.

Р.Жамъянтогтох 2015 оны хавар Японд ирж, “Nippon Sport Science University Kashiwa High School” сургуульд элсэн орсон юм. Ахлах ангиа төгсөөд Такүшёкү их сургуульд дэвшин, Зүүн Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд орж байсан амжилттай. 24 настай, 181 см өндөр, 150 кг жинтэй. 

Асахакүрюү нэрийг түүнд Б.Дашням багш нь өгсөн бөгөөд Такасаго дэвжээний алдарт аварга Асашёорюү болон өөрийн Асасэкирюү нэрнээс хоёр ханз аван, сайн сайхны бэлэгдэл цагаан өнгийг нэмснээр ийнхүү Өглөөний цагаан луу сүмо бөхөд гарч ирсэн. Өглөөний хөх, улаан луутай байсан тус дэвжээ ийнхүү цагаан луутай болж байгаа юм.

Р.Жамъянтогтох мэргэжилд анх ороод “Асашёорюү аварга шиг хүчирхэг, Асасэкирюү багш шигээ уран чадмаг сайн бөх болохын төлөө хичээнэ. Японд хамт ирж байсан Хоошёорюү С.Бямбасүрэн, Оошёоүма П.Дэлгэрбаяр нараас хоцорсон ч хоёр жилийн дараа ижилхэн зиндаанд барилдаж байхыг зорилгоо болгосон” гэж ярьж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pujema (150.129.141.139) 2023 оны 03 сарын 23

Жамияадаа баяр хүргэе

0  |  0
Top