Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий жин тус бүрийн хагас шигшээ тулаанууд өнөөдөр болно. Ялсан тамирчид мөнгөн медалиа халаасалж, алтан медалийн төлөөх тоглолтод гарах юм.
Манай улсаас хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг үдэш 20,30 цагт хамгийн түрүүнд рингэн дээр гарна.
Түүнээс хоёр тулааны дараа 54 кг-д М.Энхжаргал Колумбийн Yeni Arias-тай мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Колумби бүсгүй Нью-Делид эхлээд Хорватын тамирчныг ялсан. Дараа нь Молдавын Королиг шүүгч тулааныг зогсоож, илт давуугаар ялсан. Ингээд ДАШТ-ий гурван медальтай, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальт Казахстаны Жайна Шекербековаг 3:0 ялж, хагас шигшээд шалгарсан. Yeni Arias 32 настай. 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2018, 2022 оны Өмнөд Америкийн наадмын мөнгөн медальт, Боливарын наадмын хошой аварга тамирчин. Токио олимпод Филиппиний тамирчинд гуравдугаар тойрогт ялагдаж байжээ.
Энэ жингийн нөгөө хагас шигшээд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Тайландын Jutamas Jitpong, Токио олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Тайванийн Хуан Сяовэнь нар өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 1 )
колумбыг барахгүй нь. яг эрэгтэй хүн шиг биетэй