Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий жин тус бүрийн хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдаж байна. Ялсан тамирчид мөнгөн медалиа халаасалж, алтан медалийн төлөөх тоглолтод гарах юм.
Манай улсаас хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг эхлээд Мароккогийн Yasmine Mouttaki-тай тулалдаж, мөнгөн медалийн болзол хангасан.
Түүнээс хоёр тулааны дараа 54 кг-д М.Энхжаргал Колумбийн Yeni Arias-тай мөнгөн медалийн төлөө өрсөлдлөө. Yeni Arias 32 настай. 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2018, 2022 оны Өмнөд Америкийн наадмын мөнгөн медальт, Боливарын наадмын хошой аварга тамирчин. Токио олимпод Филиппиний тамирчинд гуравдугаар тойрогт ялагдаж байжээ.
Тулаан ширүүн эхэлсэн. Ариас биеийн хөгжил илүү, бяртай бол М.Энхжаргал мөч илүү урт. Тиймээс манай тамирчин зайгаа барьж тоглох хэрэгтэй байлаа. Харин ойрын зайд Ариас илүү оновчтой цохиж байв. Эхний үеийг колумби бүсгүй 3:2 ялжээ. Хосрдугаар үед харин шүүгч нар хоёр тамирчинд ижилхэн оноо өгсөн. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед зайндаа оруулалгүй, тун дайчин тоглосон ч оноо нөхөж чадсангүй, 1:4 ялагдлаа. Гэхдээ тэр хүрэл медаль хүртэж, энэ ДАШТ-ий нэгэн од болон гялалзлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Илүү байсан шүү.Минийхээр бол ялсан л гэж бодсон.мундаг тулаан болсон.баяр хүргэж амжилт хүсье.