Гэрэл зургийг Д.Амаржаргал
"Steppe Arena" мөсөн өргөөнд шайбтай хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн өчигдөр (2023.03.23) эхэллээ.
Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн тэмцээнийг хүлээн авч байгаа нь манай спортын ертөнцийн түүхэнд тэмдэглэгдэх том үйл явдал болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппиний багууд оролцоно.
Түрүүлсэн баг 2024 оны ДАШТ-ий III дивизионд дэвшинэ. Филиппин, Индонезийн баг анх удаа ДАШТ-д оролцож байгаа бол манай шигшээ баг 2012 оноос хойш анх удаа дэлхийн аваргад хүч сорьж байна. Харин Кувейтийн баг 2022 оны IV дивизионы тэмцээнд тавдугаар байр эзэлсэн.
Тэмцээний нээж, жаврыг үргээн, ардын урлагийн Алтай хамтлаг тоглож, өсвөрийн тамирчид уран гулгалтын үзүүлбэр үзүүлж сонирхуулсан.
Мөрөөдөл биелүүлэгч "Мөсөн өргөө" энэ үдэш үзэгчдээр дүүрсэн байлаа. Ихэнх үзэгч шигшээ багийнхаа өмсгөлтэй байсан нь Мөсөн өргөө спорт сонирхогчдын бас нэгэн соёлыг дэлгэрүүлж байгааг харуулж байв.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан, "Steppe Arena" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Олон улсын хоккейн холбооны төлөөлөгчид оролцлоо.
Хоккейн холбооны тэргүүн Б.Жавхлан “Монголын бахархал болсон Үндэсний шигшээ баг, спорт сонирхогчид та бүхэнд Монгол Улсад хоккейн ДАШТ зохион байгуулагдаж байгаа түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье. Та бидний олон жил сэтгэлдээ тээж явсан нэгэн мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс эх орондоо зохион байгуулж, хоккейн спортын нэн шинэ түүх өнөөдрөөс эхлэн бичигдэж байна. Монголын хоккейн холбоо хэдхэн хоногийн өмнө эх орондоо Ази, Номхон далайн бүс нутгийн Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг дурдахад таатай байна. Энэхүү тэмцээнүүдийг зохион байгуулах эрхийг бид өрсөлдөн авч чадсан нь Монголын хоккейн ертөнцийн нөр их хөдөлмөрийн ач билээ. Өнөөдрөөс эхлээд 26-ны өдрийг дуустал хоккейн спортын хөгжөөн дэмжигчид та бүхнийг Мөсөн өргөөндөө тухлан сууж, нийт тамирчдаа уухайлан дэмжихийг хүсье” гэж хэллээ.
Тэрээр энэхүү олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад "Steppe Arena" мөсөн өргөөний хамт олон, төслийг хэрэгжүүлэгч, санаачлагч үндэсний хөрөнгө оруулагчдын ач тус их гэдгийг онцолсон юм.
"Steppe Arena" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан “Эрхэм хүндэт хөгжөөн дэмжигчид, хүндэт зочид оо. Нэг жил хагасын өмнө олон улсын стандартад нийцсэн Мөсөн ордноо ашиглалтад оруулж байсан бол одоо энэ ордон хэдийн хүүхэд, залуус, монголчуудын ирэх дуртай газар болжээ. Өнөөдөр бид хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, тамирчид, хоккей сонирхогчдын мөрөөдлийг биелүүлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр түүхийн нэгэн шинэ хуудас нээгдэж байна”
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж сонордуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт тамирчид, дасгалжуулагчид аа. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хөгжөөн дэмжигчид ээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр Монгол Улсын спортын түүхэнд тод мөртэй, бэлэгтэй сайхан үйл явдал болж байна. Монголчууд бид хоккейн ДАШТ-ийг цэнхэр дэлгэцээр үзэн суудаг байсан бол өнөөдөр эх орондоо зохион байгуулж байна. Үндэсний бүтээн байгуулалт болсон Мөсөн өргөөндөө хийж байгаадаа туйлын их баяртай байна. Монголын хоккейн холбоо, Олон улсын хоккейн холбооны энэхүү хамтын ажиллагаанд Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Владислав Третьяк, В. Фетисов, Уэйн Гретцки нарын уран сайхан тоглолтыг шимтэн үзэж, үеийн найзуудтайгаа хоккей тоглон, хожиж, хожигдож явсан гэгээн дурсгал яг одоо санагдаж байна. Хоккейн тив, дэлхийн тэмцээн Монголд зохион байгуулагддаг болсон нь манай оронд өвлийн спорт, хоккейн спорт хөгжих сайхан боломж болж байгаа юм. Цас мөсний орон Монголд цаашдаа өвлийн спорт, хоккейн спортоор хичээллэж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргах авьяаслаг хүүхэд, залуус олон байгаа. Ингээд бүх тамирчид, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөж байна”
Нээлтийн ажиллагааны дараа Монгол, Кувейтийн багийн тоглолт явагдсан. Манай насанд хүрэгчдийн баг 12 жилийн дараа ДАШТ-д оролцохдоо анх удаагаа эх орондоо үзэгчдийнхээ өмнө тоглож байгаа нь энэ юм.
Тоглолтын эхнээс л үзэгчид уухайлан, тамирчид эрч хүчтэй тоглон, эхний үе 4:0 манайх ялсан. Хоёрдугаар үед Кувейтийн багийн хаалгач, гайхамшгийг бүтээж, нэг ч гоол алдсангүй. Гэхдээ сүүлийн үед нэмж дөрвөн гоол хийснээр 8:0 анхны ялалтаа авлаа.
Спорт сонирхогчдоо Үндэсний шигшээ багаа дэлгэцээр биш дэргэдээс нь дэмжихийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )