Боксын ДАШТ: Л.Алтанцэцэгийн өрсөлдөгч Ниту Гангас гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Манай улсаас найман тамирчин оролцож, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн.

Аваргын алтан медалийн төлөөх финалын тулаанууд өнөөдөр (2023.03.25) 20:30 цагт эхлэх бөгөөд хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд гарах юм. ДАШТ-ий мөнгөн медаль авч, эмэгтэй боксын түүхэнд шинэ хуудас хэдийн нээсэн Л.Алтанцэцэг өнөөдөр дэлхийн аварга болж, бас нэгэн түүхэн амжилт тогтоох боломжтой.

Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Ниту Гангас. Тэрээр 22 настай залуу тамирчин ч 2017, 2018 оны залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга. Энэ наадмын дараа гэмтэл бэртлээс хэсэг хугацаанд завсарлаад эргэн ирж байгаа тамирчин. Гангас ДАШТ-ий хагас шигшээд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн аварга, 2014 оны өсвөрийн олимпын хүрэл медальт, Казахстаны Алуа Балкибековаг ялж финалд шалгарсан.  

2012 оны зургаадугаар сарын нэгэн үдэш Энэтхэгийн Дханана хэмээх тосгоноос Бхивани дахь боксын клубт аав нь түүнийг автобусаар 20 км зам туулан, авч очсон нь түүний боксын замналын эхлэл байлаа. Нитутай хамт Сакша Чоудхари аавтайгаа хамт явж байжээ. Анхныхаа хоёр цагийн бэлтгэлийг дуусгаад гарч ирэхэд нь аав нь хүлээн зогсож байв.

“Би боксыг биш бокс намайг сонгосон. Бхиванид бокс хамгийн алдартай спортын төрөл. Аав намайг боксчин болгох хүсэлтэй байв. Бид бүгдээрээ Бхиванигийн дасгалжуулагч Жагдиша ямар хатуу дасгалжуулагч болохыг мэддэг байлаа. Анхны бэлтгэл дээр ч багш огт амраалгүй, дасгал хийлгэж билээ. Гэхдээ аавыгаа гадаа хүлээж байгааг санаад хамаг хүчээрээ хичээж байснаа санадаг”

Ниту, Сакша хоёр сургуулийнхаа хажуугаар өглөө, оройдоо хоёр цагийн боксын бэлтгэлтэй. Аав Бхагван нь Чандигархад бараа хүргэлтийн ажилтай. Ажлаа хийгээд охиноо бэлтгэлд хүргэж, авна гэдэг хэцүү.

Бхагван “Ниту миний ууган хүүхэд. Боксын академид очоод анх харсан зүйл минь бэлтгэл хийж байгаа 100 боксчин байлаа. Энэ дундаас охиноо тодрон гарч, улс орныхоо нэрийг гаргасан тамирчин болгохын тулд би дэргэд нь байх ёстой юм гэж ойлгосон. Ингээд ажлаа хаясан даа” гэж дурсаж байлаа.

Бээжингийн олимпын хүрэл медальт Виджендер Сингх зэрэг олон алдартай тамирчин төрүүлэн гаргасан дасгалжуулагч Жагдиш маш хатуу хүн. Тэрээр Ниту, Сакша хоёрыг хөвгүүдтэй бэлтгэл, спарринг хийлгэдэг байв.  

Жагдиш “Дасгалжуулагч бид маш олон тамирчнаас ялгарч гарах боксчныг үргэлж хайж байдаг. Нитуг анх ирэхэд нь л би түүний солгойгоор тулалдах байгалийн авьяасыг нь мэдэрсэн. Солгой гэдэг сул тал биш давуу тал чинь гэж түүнд итгүүлсэн. Тэр үед холбооноос тэмцээн уралдаан зохиохоо зогсоогоод байв. Тиймээс би түүнийг өөрөөс нь ах хөвгүүдтэй спарринг хийлгэж эхэлсэн. Нитугийн шулуун цохилт маш оновчтой тул хөвгүүдийг ч илүүрхээд байлаа. Интроверт зан төлөв нь түүнд давуу тал олгодог” гэж ярьж байлаа.

Энэтхэгийн боксын холбооноос тэмцээн уралдаанаа сэргээхэд Сакша медаль авч эхлэхэд Ниту бараг тэмцээнд оролцохгүй байв. Аавд нь мөнгө байсангүй. 2015 онд Ниту гэмтлээр Делигийн эмнэлэгт бүтэн сар эмчлүүлэхэд Бхагван машинаа зарж, хамаатан саднуудаасаа мөнгө зээлэн, амьдралаа залгуулж эхэлсэн юм. Хэзээ нэгэн цагт охин нь мэргэжлийн сайн тамирчин болно гэсэн итгэл аавд нь байлаа.

2016 оны идэрчүүдийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа. Залуучуудын шигшээд сонгогдож, хоёр жил залуучуудын дэлхийн аварга дараалан болов. Харин улсаас шагналынх нь мөнгийг өгөлгүй, хүлээлгээд байлаа. 2019 онд гэмтлээр УАШТ-д оролцож чадсангүй.

“Үндэсний шигшээ багт багтаж, цугларалтад гарснаар аав минь миний хоол хүнс, байрны талаар санаа зовох зүйлгүй болсон юм. Намайг дэлхийн аварга болоход аав миний медалийг тосгоныхоо бүх хүмүүст харуулан, бахархаж байлаа. Харин улсаас шагналын мөнгө, тэтгэлэг орж ирэхгүй байхад аав надад чи юунд ч битгий санаа зов гэж хэлж байлаа”

Үнэндээ аав нь дахиад найз нөхдөөсөө мөнгө зээлжээ.

2020 оны УАШТ-д ч мөрний гэмтлээр оролцоогүй Ниту насанд хүрэгчдийн шигшээ багт сонгогдож чадаагүй тул төрөлх тосгондоо буцаж, хэсэг амьдарлаа. Анхны багш Жагдиштайгаа хамт бэлтгэл хийлээ. Энэ нь түүнд сэтгэл санааны хувьд тун чухал байв. Жагдиш түүний хурдыг сайжруулах дасгал хийлгэлээ.  

2021 онд Ниту улсынхаа аварга болж, 2022 онд анхны олон улсын тэмцээнийхээ түрүүг хүртэв. Туркт болсон ДАШТ-д тэр шөвгийн найм хүртэл явсан ч Казахстаны Балкибековад 2:3 ялагдсан. Энэ тэмцээний дараа тэр Энэтхэгийн шигшээ багийн баталгаатай гишүүн болсон юм. 2022 оны Commonwealth Games наадамд түрүүлэв.

Энэтхэгийн шигшээ багийн дасгалжуулагч Бхаскар Чандра Бхатт “Ниту бол маш хурц ухаантай тамирчин. Рингэн дэх байдлыг сайн мэдэрдэг. Солгой гартайн давуу талаа сайн ашигладаг, өөрийн зайгаа алддаггүй. Хэрэв тэр Туркт өвдөөгүй байсан бол дэлхийн аварга болох байсан юм” гэж хэлж байсан удаатай.

Улсын шигшээ багт сонгогдож, тэмцээн уралдаанд түрүүлж эхэлснээр Ниту дүү охиныхоо сургалтын зардлыг төлж, буудлагын тамирчин эрэгтэй дүүгийнхээ зардлыг даадаг болсон. Дүүдээ 1,5 сая рупигийн үнэтэй буу хүртэл худалдаж авч өгчээ. Охиныхоо төлөө ажлаа хаяж, зээл тавьж явсан аав нь одоо охиноо гэрийн эзэн гэж нэрлэдэг болсон.

“Аав надаас шагналын мөнгөө бүгдийг нь гэрбүлдээ өгөөд байхаар чамд юу үлдэх вэ гэж асуудаг юм. Харин би түүнд надад медаль үлдэнэ гэж хариулдаг. Тосгон дахь манай гэрт миний медалийг зүүдэг самбар бий. Ямар ч тэмцээнд түрүүлсэн би тэр самбарт медалиа зүүхийг хамгийн түрүүнд хүсдэг” гэж Ниту ярьж байв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bhu(202.55.188.38) 2023 оны 03 сарын 28

Terbum garan hunees ovoin gedeg tom shalguur

0  |  0
За(66.181.178.185) 2023 оны 03 сарын 26

Энэтхэгт амьдрал Монголоос зовлонтой. Хүнд хэцүүг туулж, зовлон ассан энэтхэг охин алтан медаль аваасай даа.

3  |  2
Зочин(202.9.46.87) 2023 оны 03 сарын 25

Ниту минь одоо авах мөнгөн мeдалиа төрөлх тосгоныхоо самбартаа өлгөөрэй...Тун чанартай мөнгөн мeдаль шүү

1  |  2
Judag(66.181.161.142) 2023 оны 03 сарын 25

za amjilt. Medeej mgl ohinoo iluu demjnee.

1  |  2
Хэлгу дада(103.140.11.184) 2023 оны 03 сарын 25

Оноодор жаахан ханиад хурчээсэй энэ энэтхэг хуухэн!

2  |  3
Top