Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.
Манай улсаас найман тамирчин оролцож, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн.
Аваргын алтан медалийн төлөөх финалын тулаанууд өнөөдөр (2023.03.25) 20:30 цагт эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд гарсан.
Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Ниту Гангас.
Тэрээр 22 настай залуу тамирчин ч 2017, 2018 оны залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга. Гангас ДАШТ-ий хагас шигшээд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн аварга, 2014 оны өсвөрийн олимпын хүрэл медальт, Казахстаны Алуа Балкибековаг ялж финалд шалгарсан.
Хоёр тамирчны тулаан шүүгчдийн санал нэг өгсөн онoогоор Ниту Гангас ялж, энэ ДАШТ-ий анхны алтан медалийг зүүлээ.
Л.Алтанцэцэг ялагдсан ч эмэгтэй боксын Монголын анхны Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин болж, нэрээ түүхэнд мөнхөллөө.
Тулааны дараа манай тамирчин монголчууддаа баярласнаа илэрхийлээд “Итгэлийг тань биелүүлээгүйд уучлаарай” гэж алтан медаль авч чадаагүйдээ хүлцэл өчсөн.
Уучлал гуйх шаардлага байхгүй. Л.Алтанцэцэг үнэхээр шилдэг байлаа. Маш сайн тулалдаж, эх орныхоо нэрийг гаргалаа. Баярлалаа Л.Алтанцэцэг.
Сэтгэгдэл ( 1 )
Zugeer ee