2022 оны тавдугаар сард хэвлэгдэж байсан "Хууль хэрэгжүүлдэггүй Петрочайна ба ХӨШИГНИЙ АРЫН УЛС ТӨР" нийтлэлийг дахин нийтэлж байна.
Учир нь “Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой жил тойрон сурвалжилсан асуудал даамжирсаар өнөөдөр зээрийн сүрэг сүргээрээ булуулж, булшлуулахад хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Ямартай ч Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан олон тооны зээр булах гэж байна гэх мэдээллийн мөрөөр Засгийн газар шуурхайлан Ажлын хэсэг байгуулж, хэд хэдэн сайд нар яг одоо Дорнод аймагт ажиллаж эхлээд байна. Нөхцөл байдал ийн анхаарлын төвд байгаа тул бид бүтэн жилийн турш “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хууль зөрчсөн, ноцтой үйл ажиллагааг сурвалжлан, цуврал баримтат нийтлэл, сурвалжилга бэлтгэн, олон нийт болоод төр, засгийн анхааралд аваачсан ТВ8 телевизийн "ЭРЭЛ СУРВАЛЖИЛГА"-ын хэсгээс дахин хүргэе.
Мэнэнгийн тал мэлмэрч байна...
"Петрочайна" их хэмжээний зээр булшлах гэж буй үйлдэлтэй таарлаа. Тамсаг-21 талбай. 2023.03.26
Гэрэл зургийг Г.Адилбиш
Та бүхэн "ЭРЭЛ СУРВАЛЖИЛГА" пэйж хуудсыг даган, нэвтрүүлгийн бүх дугаарыг үзэх боломжтой.
ЭРЭЛ СУРВАЛЖИЛГА - "Петрочайна дачин тамсаг"
( ЦУВРАЛ №1 )
Хууль хэрэгжүүлдэггүй Петрочайна ба ХӨШИГНИЙ АРЫН УЛС ТӨР
Монгол Улсын хууль, тогтоомж, иргэдийнх нь шаардлага огтоос үйлчилдэггүй БНХАУ-ын төрийн өмчит "ПетроЧайна Дачин Тамсаг" компанийн тухай цуврал мэдээллийг "Эрхэт Монгол" медиа группийн өдөр тутмын "Өглөөний сонин", мэдээллийн Zindaa.mn, ТВ8 телевизийн "Эрэл сурвалжилга" багийн хамт олон өнгөрсөн намраас эхлэн цуврал сурвалжилга, нийтлэл, мэдээ материал бэлтгэн ажилласан билээ.
Тэр дундаа "Эрэл сурвалжилга" багийнхан олон нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэж, манай улсад огт ашиггүй Бүтээгдэхүүн хуваах гэрээг УИХ-ын гишүүдэд гардуулан өгч байлаа.
Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, ‘Тамсаг-XXI’ талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан ПетроЧайна Дачин Тамсаг компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулах бөгөөд 30 хоногийн дараа Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Ерөнхий сайд даалгав.
Ямар ч байсан манайхны нийтлэл, нэвтрүүлгийн ачаар хууль үйлчилдэггүй Хятадын компанийн үйл ажиллагаанд Засгийн газар, ҮАБЗ-ийн хэмжээнд анхаарал хандуулж эхэллээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл хийхдээ “ПетроЧайна Дачин Тамсаг компанийн гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар танилцуулга хийсэн. Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 сая тонныг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй. Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь хамгийн гол асуудал болоод байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь ПетроЧайна Дачин Тамсаг компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонныг жилд гаргана гэж тооцсон. Энэ хугацаанд хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ойролцоогоор сүүлийн жилүүдэд 200 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлж байгаа.
ПетроЧайна Дачин Тамсаг компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгэнт гэрээ хийхээр ширээний хоёр талд суух гэж байгаа учир БНХАУ-ын талын байр суурийг бид ойлгох ёстой. Монгол Улсын Иргэний тухай хуулийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан. Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул үе шаттайгаар ПетроЧайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах асуудлыг ярина” гэсэн юм.
Сайдын хэлсэн дээрх үгийг хэрэв сайтар ухвал манай тал “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г сайжруулах талаар ярьж, хууль тогтоомжид үйл ажиллагааг нь тохируулах гэхээр Хятадын тал манай Иргэний хуулийн ганцхан заалтаар ам тагалдаг гэж ойлгогдохоор байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яагаад энэ мэт хаалт, садаануудаа цэвэрлээд эх орондоо хэрэгтэй, ард түмэндээ тустай өөрчлөлт хийж болсонгүй вэ гэдэг асуулт урган гарна. Энэ бүхний цаана өнөөх л улстөрчдийн увайгүй үйлдэл, авлига хээл хахуулийн асуудал байна уу гэсэн хардлага ч төрнө.
Б.ЭНХБАЯР: ХУУЛИЙГ БАТЛАХАД ОРОЛЦСОН НӨХДҮҮД ХҮМҮҮСЭЭР ДАМЖУУЛАН
ЭНЭ КОМПАНИД ШАХАА ХИЙДЭГ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар мөн л ПетроЧайнагийн талаар мэдээлэл сонссон юм. Харамсалтай нь байнгын хорооны хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх шийдвэрийг гаргасан юм. Дорнод аймгаас Их хуралд сонгогдсон Ц.Сэргэлэн нарын гишүүд “Хаалттай хэлэлцэхгүй бол алуулна шүү” хэмээн сануулснаар байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүн хаалттай горимд шилжүүлж орхисон аж. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг л хаалттай хуралдаанаар хэлэлцэх учиртай.
Гэтэл байнгын хорооны дарга хаалттай хэлэлцэх ёстой асуудлуудын ийм учиртайг үл хэрэгсэв үү, үнэхээр мэддэггүй хэрэг үү. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт энэ асуудлыг сошиал орчинд хүчтэй эсэргүүцсэн. Ингээд 10.00 цагт эхэлсэн байнгын хорооны хурлын 13.00 цаг өнгөрөөж байж нээлттэй горимд шилжүүлэв. Гэхдээ “Газрын тосны боловсруулалт, ашиглалтын тухай” буюу шал өөр асуудлаар хэлэлцэж байхдаа олон нийтэд нээлттэй болгосон юм. Энэ байнгын хорооны хуралдаанд гишүүдийн илэрхийлсэн байр суурийг уншигч та бүхэнд тоймлон хүргэж байна. Эрхэм та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай нам цөөнх байхад буюу 2014 онд Газрын тосны хууль батлагдахад төсөл нь Н.Алтанхуягийн Засгийн газраас өргөн баригдаж, Ажлын хэсгийг нь цөөнхийн бүлгээс Ц.Нямдорж ахалж байлаа. Уг нь хуулийн Ажлын хэсгийг цөөнхийн бүлгээс ахлуулдаггүй байсан. Энэ хуульд хуулийн хулгай хийж Дорнод аймаг, Монгол Улсад ашиггүй гэрээ хийсэн. Дорнод аймгийн Мэнэнгийн талд нэг тэрбум 356 сая 622 төгрөгийн байгаль орчны бэлчээрийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ хохирлын хэмжээг яаж, ямар аргачлалаар гаргаж ирсэн юм бэ.
Манай Равдангийн Болд гуайн бичсэн “Өвсөн далай” гэдэг нийтлэлийг би 2015 онд уншиж байлаа. Мэнэнгийн тал манайд бүү хэл дэлхийд байхгүй өвстэй газар. Дэлхийд ийм хэмжээний үржил шимтэй тал нутаг байхгүй гэж байсан. Манайх Сибирийн уур амьсгалын бүсэд байдаг бол Мэнэнгийн талын хэсэг Номхон далайн уур амьсгалд байдаг. Хосгүй үнэт дагшин газар нутаг. . Би энэ компанитай холбоотой ТВ8 телевизийн нэвтрүүлгийг үзсэн. Энд АТГ-ын даргаар ажиллаж байсан хүний хүүхэд АМГТГ-ын хэлтсийн дарга С.Пүрэвжав сууж байна. Гэтэл ийм хариуцлагатай албан тушаал хашиж байгаа та өөрөө ПетроЧайнад ажил бараа шахдаг, нийлүүлдэг гэдэг чинь үнэн юм уу.
-МХЕГ-ийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямжав: МХЕГ-аас 2019 онд нэгдсэн шалгалт хийсэн. Таны ярьдаг энэ асуудлаар бол усны тоолуур тавигдаагүй, усны боломжит нөөцийн дүгнэлтээс хэтрүүлэн ашигласан гэдэг дүгнэлтээр 415 сая төгрөгийн нөхөн төлбөр дээр тавигдсан.
-АМГТГ-ын хэлтсийн дарга С.Пүрэвжав: Миний бие 2018 оноос энэ албан тушаалд ажиллаж байна. ШУТИС-ийг газрын тосны өрөмдлөг, ашиглалтын инженер, Австрали улсад газрын тосын ашиглалтын инженер мэргэжлээр магистр хамгаалсан. Уг салбарт нийтдээ 16 жил ажиллаж байна. Энэ ажлыг авснаас хойш ПетроЧайна компанитай ямар нэгэн байдлаар хувийн болон бизнесийн ашиг сонирхолоор холбогдож байгаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм зүйл гарсан нь гүтгэлэгийн шинжтэй зүйл.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Г.Ёндон сайд үнэхээр мэргэжлийн, нөлөөнд орохооргүй санаачлагатай ажиллаж байгаа гэж харж байгаа. Үйлдэл нь тэгж харагдаад байгаа юм. Энд хэсэг бүлэг хүмүүсийн сүлжээ байна. Н.Алтанхуяг, Ц.Нямдорж гэдэг нэрийг тохиолдлоор хэлээгүй. Энэ хууль батлагдсаны дараа ПетроЧайна Дачин Тамсаг компанид Монгол ажилчид нийлүүлэх асуудлыг энэ хүмүүстэй нэг нутгийн компанийн захирал, бизнес эрхлэгчид шахаж эхэлсэн. Би чуулган дээр ч бас энэ тухай хэлж байсан. Энэ хүмүүс жилдээ найм орчин тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийдэг гэсэн мэдээлэл авсан. Дорнодын иргэдийг нь ажиллуулдаггүй асуудал байгаа юм. Хуулийг батлахад оролцсон хүмүүс бизнесийн хамаарал хүмүүсээрээ дамжуулан энэ компанид шахаа хийдэг асуудал бодитой байна гэж харсан. Сонсогдоод байдаг юм. Манай ах дүү нар Дорнодод байдаг. Энэ компанид жолоочоор ажилд оруулж өгөөч гэж ярьсан. Би гайхаад асуухад ингэдэг юм байна гэсэн. Энэ бол цаанаа том сүлжээ байгаа юм байна билээ шүү. Тэгээд шалгадаггүй. АТГ-аас хэдэн хүнийг нь шалгасан чинь буцаж оччихоод хуулийнханд тушаадаг юмыг нь тушаагаад ирлээ гэж ярьсан байна лээ.
-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Монгол Улсад, ард түмэнд ашиггүй. Харин ч хохиролтой гэдэг дүгнэлтийг өгөхөөр байгаа юм. Энэ гэрээ байгуулагдаад олон жил болсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй янз бүрийн байдлаар зөрчсөн. Манай улсад ажиллаж байгаа гадна, дотнын бүхий л байгууллагууд ялгаа байхгүй татвар, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Манай хууль, хяналтынхан ажлаад хууль тогтоомжийнхоо дагуу татвар, төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, маргаан таслах газар, шүүх зэрэг байгууллагаар яваад замхраад алга болдог, хүчингүй болдог.
Эндээсээ ямар ч үр ашгийн татвараа авч чаддаггүй. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол хүнс, хувцас гээд чөлөөлж болох бүхий л татварыг нь чөлөөлчихсөн. Дотоодоос худалдан авах зүйл байхгүй. Бүгдийг нь Хятадаас худалдаж аваад оруулж ирдэг. Ийм боломжийг хуульд нь заагаад өгчихсөн. Гадаад ажилчдынх нь тоо олон, орон нутгаас ажилчид авдаггүй. Орон нутагтай ажиллагааны гэрээ, хөрөнгө оруулалт хийдэггүй, шаардлагыг нь үл тоодог. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авч байх ёстой. Гэтэл АМНАТ-ын төлбөр авдаггүй.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт, хуваах, ашигт тос гээд дандаа Хятадын талд ашигтай байхаар хийж өгсөн. Гүйлгээ, зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр болдоггүй. Гэрээнд зааснаар гадаадад данс нээж болно гэдгээрээ явж байдаг. Бүх баримт, санхүү нь хятад хэл дээр явдаг. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг. Ус ашиглах зөвшөөрөлгүйгээр дураараа ашигладаг. Эндээс харахад 80 гаруй хувь нь Монгол Улсад ямар ч ашиггүй, хууль тогтоомжийг зөрчиж, уландаа гишгэсэн гэрээ байна. Цаашид үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Оюу Толгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх Ажлын хэсэг, Түр хороо байгуулагдан маш үр дүнтэй ажилласан. Үүнтэй нэгэн адил цаашдаа Засгийн газар, УИХ-ын Түр хороо байгуулагдан ажиллах ёстой гэж үзэж байгаа.
-УИХ-ын гишүүн Баделхан: Гишүүдтэй санал нэг байна. Ерөөсөө борлуулалтын төлөвлөгөө нь 50 хувьтай, тэр нь биелдэггүй юм байна. Татвараас тогтоосон актыг биелүүлдэггүй, тоож авч хэлэлцдэггүй. Танилцуулга дотроо зам барих ёстой, тэрийгээ хийсэн ч 95 хувьтай гурван жил болсон гэж байна. Байгаль орчны төлөвлөгөөгүй ажиллаж байна гэсэн байна лээ. Тэгэхээр ийм байдлаар ажиллах шаардлага байгаа юм уу. Анх гэрээ байгуулахад нь Монгол Улсын эдийн засаг хүнд байсан. Гэтэл түүнээс нь хойш 30-аад жил боллоо. Тэр гэрээг нь өнөөдрийн түвшинд тааруулаад, хуулийн хүрээнд өөрчилж болдоггүй юм уу. Энэ гэрээ хэзээ дуусах юм. Тодорхой арга хэмжээ авахгүй бол арай даварсан байна. Хоёрдугаарт, танилцуулга дотор нь нэг литр нефть гаргахад хоёр литр ус ашигладаг гэсэн байсан. Цаашдаа ингэж олборлолт хийхэд Дорнодын сав нутагт усны нөөц хэр юм бэ. Нөөц нь тогтоогдсон уу. Нефтийн шинэ үйлдвэр байгуулагдахад хангаж чадах түүхий эдийн нөөцийн урьдчилсан тооцоо бий юу. Өнөөдрийн ашиглаж байгаа талбайнуудаас гарсан түүхийн нефтийг тэр үед анхны байгуулагдсан гэрээгээрээ гээд хятадууд аваад байх юм уу.
-БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Энхбат: ПетроЧайна Дачин Тамсаг компанийн байгаль орчныг хамгаалахтай холбоотой гомдлууд ирдэг. Хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүний, болон хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисны сав баглаа боодол зэрэгтэй холбоотой асуудлууд бий. Өөрсдийнхөө хэрэглээнээс их хэмжээний химийн бодисыг оруулж ирсэн. Түүнийх нь хугацаа дууссаныг булшлах асуудал гээд олон зүйл бий. Тэр бүрд нь хариуцлагагүй ажилласан гэсэн дүгнэлтүүд гарсан.
-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Аудитынханаас асуумаар байна. Ерөнхийдөө зардлаа нэмэгдүүлээд байдаг учраас ашиг буураад байна. Одоо 758 тэрбум төгрөгийн борлуулалт хийсний 591 тэрбум төгрөг нь өртөг зардал. Үндэслэлгүй зардал нь хэд байна вэ. Мөн Сингапурын биржийн үнээс нэг ам.доллароор хямд үнээр борлуулдаг. Хилийн цаана нэг, наана нэг үнэ авдаг. Энэ хоёр үнэ гарснаас болоод Монголын талд ашиггүй болдог гэдэг. Энэ үнэн үү. Татвараас асуухад, 350 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй байсныг гомдол гаргаад хүлээж аваад хүчингүй болгочихсон. Одоо 195 тэрбум төгрөгийн татвар төлөгдөөгүй байгаа. үүнийгээ бас Маргаан таслах зөвлөлд гомдол гаргачихсан гэсэн. Мөн 397 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлан ирүүлсэн гэдэг үнэн үү. Амьтан, шувуу ихээр үхсэн талаар холбогдох байгууллагууд нь шаардлага хүргүүлсэн ч биелүүлэхгүй байгаа гэдэг дээр тайлбар өгнө үү?
-ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын дарга н.Наранчимэг: Манай төрийн аудитын байгууллага Төсвийн байнгын хорооноос баталж өгсөн сэдвийн хүрээнд 2014-2018 оны газрын тосны өртөг нөхөх зардал гэрээг баталгаажуулах аудитыг хийж байна. Аудитын тайланг зургаадугаар сард Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Төрийн аудитын тухай хуулийн 31 дүгээр зүйлд аудитын тайлан баталгаажуулахаас өмнө мэдээллийг задруулахыг хориглодог. Тиймээс баталгаажсан зарим мэдээллийг өгье. Аудитын байгууллага 53.3 сая ам.долларын зардлыг хасаж тооцохоор урьдчилсан тооцооллыг хийсэн.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: "Өглөөний сонин", (2022.05.19)
Сэтгэгдэл ( 5 )