“Петрочайна” татварын маргаанд буулт хийж, ₮312 тэрбумыг төлөхөөр боллоо

2023 оны 04 сарын 12

Уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос орж ирдэг валютын тэрбум гаруйг нь түлш шатахууны импортоор буцаагаад урсгачихдаг Монгол Улсын төр засгийн байгууллагууд Дорнодын Тамсагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлолт хийдэг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай 30 шахам жилийн өмнө хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд салхи савир оруулж чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Гэрээнд өөрчлөлт, шинэчлэлт оруулах ёстой гэдэг нь олон жилийн өмнөөс л тодорхой болж, талууд энэ талаар ярихгүй биш ярьцгааж байсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй өдийг хүрсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим зүйл, заалт татвар, нийгмийн даатгалын, Нягтлан бодох бүртгэлийн болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаагаас шалтгаалж төсөвт татвар, хураамжийг дутуу төвлөрүүлэх, тайлан мэдээг зөрүүтэй тайлагнах, төрийн байгууллагуудтай үл ойлголцол, маргаан гарах нөхцөл үүссэн талаар аудитын байгууллагын тайланд дурдсан байдаг. Ер нь бол асуудал дагуулдаг суурь шалтгааныг засахын тулд  гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай юм.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК 2014-2018 оны хооронд дээрх хоёр талбайгаас нийтдээ 2 тэрбум орчим ам.долларын газрын тос олборлож, экспортолжээ. Гэрээний дагуу үүний 24 хувь нь манайд ногдсон гэсэн тооцоолол бий.

Энэхүү хувь хэмжээнээс гадна Монгол Улсад төлөх ёстой татвар хураамжийн төлбөрийн асуудал яригдсаар өдийг хүрсэн. Татварын ерөнхий газрын том татвар төлөгчдийг хариуцсан нэгж 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлаараа  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн гурван их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд 312 тэрбум төгрөгийн татварын акт ногдуулсан байдаг. Тус компани уг актыг хүлээн зөвшөөрөлгүй, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байжээ.  Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус компанийн зүгээс уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргасан. Зөвлөл гомдлыг хэлэлцэн, нөхцөл байдлыг шалган тодруулах ажиллагаа нь бидний магадлан судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзсэн гэх мэдээлэл өмнө нь байсан бол сүүлийн байдлаар, тус компанийн гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан.

Тэгвэл “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүхэд хандалгүй, татвараа төлөхөөр болжээ.

Энэ бол манай тухайд сайн мэдээ юм. Учир нь татварын байгууллагаас тавьсан актыг үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрнө гэдэг нь дараа дараагийн удаад татвараа төлөх ёстой гэдгээ үйлдлээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байна гэж ойлгогдож байна.

Сануулахад, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан. Тогтоолд, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн  арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан. Тухайлбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжтой нийцүүлэх замаар шийдвэрлэх, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг судлах, “Петрочайна дачин тамсаг” ХХК-д 2018 онд НӨАТ, ААНОАТ, Хувь хүний орлогын албан татварыг төлөх тухай тавьсан шаардлагатай холбоотой гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас үлдсэн чанарын шаардлага хангахгүй, устгах шаардлагатай 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Байнгын хорооны тогтоол батлагдах үед, Б.Баттөмөр гишүүн “Ашигт малтмалын салбарт хийсэн энэ гэрээ Монголд ашиггүй байна. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой ноцтой асуудал байна. Нэг литр тос авахын тулд хоёр литр ус зардаг технологиор цаашаа явахгүй. Мөн 590 тонн химийн бодисыг буцааж өгөх хэрэгтэй. Монголд устгаж болохгүй. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зардлаа дураараа нэмдэг, үр ашиг байдаггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэгэхээр тогтоолд тусгасан арга хэмжээнүүдээс 2018 оны татварын акттай холбоотой асуудал ийнхүү манай талд шийдэгдэж байна. Цаашлаад бусад асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэдэг нь анхаарал татаж буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.53) 2023 оны 05 сарын 23

Хятадуудаас айж байдагаа больёёёё?!! Монгол хүн монголчууд өөрсдөө байгаль уул усаа хамгаалж газрын тосоо олворльяооо! Оюу- толгойг хар !Говьд Хамаг гүний усаа байхгүй болгоод дууслаа хамт байгаль сүйдлээ!!! Дэлхий дахинд өөр үе ирээд бна.Өнгөрсөн 50 жилд ухаж төнхөж байсан бол одоо үед байгалиа буцааж нөхөн сэргээх ,яааж хаырлах вээ? Ногоон хөгжил нано эрин ирээд бх,дэвшил ярьж бхад бид хаана хэдэн онд бна вээ ийм муухай донхмйсон хуучин техникийн үе аоь хэдиынээ хоцрогдсоон !

0  |  0
Бат(66.181.161.151) 2023 оны 04 сарын 15

ФВд соёлтой харилцаа дутагдаж байна

0  |  0
Болор(124.158.67.203) 2023 оны 04 сарын 12

экс Очирбат хамгийн буулт хийсэн ашиггүй гэрээ хийлгэж шагналд нь охиноо ажиллуулж /бүртгэлтэй хувь хүртэгч/ баяжсан Эх орноосоо урвасан гээд яллаад сүйд болж байтал Очирбат ”эх орондоо хайртай учир тэдэндээ ашигтай гэрээ байгуулсан болж таарсан”

0  |  0
.(192.82.68.175) 2023 оны 05 сарын 23

Эрднэс баялагаа ухуулаад, экологийн сүйрэлд ороод дээр нь өрөнд ордог улс!!!!!!!!!!............

3  |  0
Зоригт (64.119.27.141) 2023 оны 04 сарын 12

МАН-хаан хувь ноогдлын хэмжээг 50 аас дээш % өгөөрэй. Та нар л 24 % аар тохирсон. Багабанди хулгайчдаа арга хэмжээ авна уу

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 05 сарын 23

umxii xujaa buur galzuurax ny

1  |  0
Top