30 жилийн өмнөх гэрээг өөрчлөхгүйгээр “Петрочайна”-тай хийх татварын маргаан дуусахгүй

2023 оны 03 сарын 27

 

Дорнодын Тамсагийн  сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлолт хийдэг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учирж байгаа талаарх мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд олонтаа гарч байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд  тус компанийн олборлолт явуулдаг талбайд олон зуун тооны үхсэн зээр булсан тухай мэдээллийг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс сошиалаар мэдээлж, Засгийн газрын зүгээс БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар багтсан Ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар,  өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймагт тус яамны ажлын хэсэг ажиллах явцад үхсэн зээр их хэмжээгээр булж байсан үйлдлийг хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байсан төлөөлөл илрүүлсэн аж. Улмаар Засгийн газрын Ажлын хэсэг хяналт, шалгалтын үйл ажиллагаа эхлүүлсэн учраас холбогдох мэдээллүүдийг өгөөд явах биз ээ.

Тодотгоход, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022.05.18/ хуралдаанаар Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох үеэр байгаль орчинтой холбоотой анхаарал татсан мэдээллүүд байсан. Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсгийн зүгээс мэдээлснээр,  “Петрочайна Дачин тамсаг” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөтэй холбоотой олон гомдол ирдэг. Энэ компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр хариуцлагагүй ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг аж. Нефтийн бүтээгдэхүүний хог хаягдал, үйл ажиллагаанаас нь гардаг хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисын сав, баглаа боодол, автомашины аюултай хог хаягдал их хэмжээтэй гардаг юм байна. Эдгээрийг дахин боловсруулахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Өөрсдийнхөө хэрэгцээнээс давсан химийн бодисыг оруулж ирсэн, одоо хугацаа нь хэтэрчихсэн химийн бодисыг булшлах асуудал бас яригдаад явж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Хуульд зааснаар байгалийн нөөц баялгийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ажилладаг бөгөөд өмнөх жилийнх нь менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 90 хувиас дээш байвал дараа жилийнх нь менежментийн төлөвлөгөө баталж өгдөг юм байна. “Петрочайна дачин тамсаг”-ийн хувьд  2020 оны менежментийн төлөвлөгөөг орон нутгийнх нь комисс шалгаад 30-40 хувь хэрэгжсэн гэж үзжээ. Ийм дүгнэлт ажлын хэсэг гаргасан учраас дараа жилийн менежментийн төлөвлөгөө батлаагүй аж. Гэвч менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад тус компани үйл ажиллагаа явуулж өдийг хүрчээ.

Олборлолтын талбайн нөхцөл байдлыг аваад үзэхэд,  байгалийн горимоороо өөрөө оргилох тос нь багасч байгаа учраас XIX, XXI талбай дээр ус, шахалт, хий шахалт, гель полимер шахалт гэсэн технологиудын аль алийг нь ашиглаж байгаа аж. Цаашдаа хий шахалт нь аюулгүй ажиллагаа талаасаа нэлээн аюултай, усны хэрэглээ их байгаа учраас ус шахалтыг багасгана. Гель полимер буюу илүү өндөр технологийн бодис хэрэглэж шахах технологийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа талаар засгийн Ажлын хэсгийн зүгээс мэдээлж байсан юм.

Ер нь бол “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа Монгол Улсад өгөөж багатай байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд 30 жилийн өмнөх Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх ёстой юм. Үүх түүхийг нь ярьвал, Монгол Улсын Засгийн газар Бүтээгдэхүүн хуваах гэрээг 30 жилийн өмнө “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай биш өөр компаниудтай байгуулж байсан. Харин компаниуд хооронд хувьцаа худалдан авах, худалдах гэрээг байгуулснаар гэрээг хариуцагчийн эрх, үүргийг өөр хоорондоо шилжүүлсэн байдаг.

Тодруулбал, 1991 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпорац газрын тосны хайгуулын Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулжээ. Улмаар дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан байдаг.

Сүүлийн үеийн хууль эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэхийн хэрээр анх байгуулж байсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх явдал ихээр гарах болсон. Тус компани татварын олон төрлийн хөнгөлөлтийг тогтвортой эдэлсээр өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгээд олон жил болжээ.

“Петрочайна дачин тамсаг” компани нь 2016-2021 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын алдагдалтай тайланг цахимаар ирүүлжээ. Татварын байгууллага үүнийг хянаж үзээд алдагдалтай тайлагнасан нь үндэслэлгүй гэж үзээд буцаасан байдаг.

Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд 312 тэрбум төгрөгийн  акт, торгууль тавьсан боловч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус компанийн зүгээс уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргасан. Зөвлөл гомдлыг хэлэлцэн, нөхцөл байдлыг шалган тодруулах ажиллагаа нь бидний магадлан судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзсэн гэх мэдээлэл өмнө нь байсан. Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд, Маргаан таслах зөвлөл тус компанийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.  

Сануулахад, Засгийн газрын зүгээс газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулсан байдаг. Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайханы хэлж буйгаар, Тосон уул талбайн хувьд Монгол Улс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг байна. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс авч, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг байна. Үүнийг нарийвчлан ойлговол, 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг гэсэн юм. Гэрээний нөхцөлөөр  нөөцөө дуустал ордыг ашиглах эрх тус компанид бий аж. Ер нь бол Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд хэлэлцээний ширээнд сууж, 30 жилийн өмнөх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд салхи оруулах, харилцан ашигтай байх асуудлыг цаг алдахгүй ажил хэрэг болгох шаардлагатай бодит үндэслэлүүд байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.77.138) 2023 оны 03 сарын 27

0  |  0
.(192.82.77.138) 2023 оны 03 сарын 27

Албатай юм шиг газар шороогоо ухуулаад доромжлуулаад л

1  |  0
зочин(66.181.166.84) 2023 оны 03 сарын 27

зочин (66.181.166.84)  0 секундын өмнө\n”Петрочайна тамсаг”” ийм их асуудалтай байхад сайншандын нефт боловсруулах үйлдвэрээ түүхий тосоор тэндээс хангана гэж яам төр засаг үлгэр яриад байгааг гайхаад л байна. Сайншандын ГТБҮ сайнаар бодож баригдлаа гэж бодоход тэр Петрочайна чинь тос олболохгүй Монголоос гараад явчихах юм биш үү. Ухаантнуудаа Амарсайхан Ганбаатар сайд нар энэ асуултанд ойлгогдохоор сайн хариулж өгөө ч

0  |  0
зочин(66.181.166.84) 2023 оны 03 сарын 27

зочин (66.181.166.84)  0 секундын өмнө\n”Петрочайна тамсаг”” ийм их асуудалтай байхад сайншандын нефт боловсруулах үйлдвэрээ түүхий тосоор тэндээс хангана гэж яам төр засаг үлгэр яриад байгааг гайхаад л байна. Сайншандын ГТБҮ сайнаар бодож баригдлаа гэж бодоход тэр Петрочайна чинь тос олболохгүй Монголоос гараад явчихах юм биш үү. Ухаантнуудаа Амарсайхан Ганбаатар сайд нар энэ асуултанд ойлгогдохоор сайн хариулж өгөө ч

0  |  0
Top