Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өчигдөр (2023.03.26) Осака хотноо өндөрлөлөө. Сүмогийн зургаан зиндааны гуравт нь монгол залуус тэргүүлсэн монголчуудад ээлтэй башё болж өнгөрлөө.
Дээд зиндаанд Дорнод аймгийн уугуул, Мичинокү дэвжээний суугуул Бямбачулууны Лхагвасүрэн Кирибаяма анх удаагаа түрүүллээ. Тэрээр Эзэн хааны цом хүртсэн Монголын ес дэх бөх болж байгаа юм.
Тэмцээний сүүлийн өдөр комүсүби Дайэйшёотой нэг даваа дутуу халз барилдаж, ялаад нэмэлт барилдаанд ч давсан билээ. Кирибаяма Эзэн хааны цом хүртсэн ес дэх монгол бөх болж байгаа юм.
Түрүү бөхийн ярилцлага
-Баярын сэтгэгдлээ хуваалцаач.
-Үнэхээр баяртай байна. Бас их сандарч байна.
-Халз барилдаанд засуулууд хэн ялсныг бичлэг үзэж шийдэхээр болсон.
-Давсан эсэхээ мэдээгүй байсан болохоор ялжээ гэдгээ ойлгосон тэрхэн үед хаана байгаагаа ч мартсан байсан. Бага зэрэг сандарч тэвдэж байсан ч өөрийнхөөрөө л барилдана гэж шийдсэн байсан. Хоёр барилдаан хоёулаа олигтой барилдаан биш байсан ч эцэст нь ялсандаа баяртай байна.
-Энэ башёд түрүүлнэ гэж хэзээнээс бодож эхлэв?
-Түрүүлэх талаар огт бодоогүй. Өдөр өдрийн барилдаандаа л анхаарлаа хандуулж байлаа.
-Сүмод ороод найман жил өнгөрчээ.
-Анх орж байхад ёстой юу ч ойлгохгүй байсан. Найман жилийн дотор дээд зиндаанд түрүүлж чадсандаа баяртай байна.
-Ирэх башёд Озэки цолны төлөө барилдана.
-Хамаг хүчээрээ хичээн барилдах болно.
-Дээд зиндаанд түрүүлснээ хамгийн түрүүнд илтгэх хүн?
-Ояката багшдаа илтгэмээр байна.
Сүмо бөхчүүд түрүүлснийхээ маргааш өглөө нь хэвлэлийнхэнд бас ярилцлага өгдөг уламжлалтай. Кирибаяма Осака дахь Мичинокү дэвжээндээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Анхны түрүүгээ хүртлээ. Өчигдөр сайхан унтав уу?
-Шөнийн 12 цагийн үед унтсан. Сайхан унтлаа.
-Анхны түрүүгээ авлаа.
-Өчигдрийн юм өчигдөртөө үлдсэн. Өнөөдрөөс эхлэн дараагийн тэмцээний талаар бодож байгаа.
-Дээд зиндаанд түрүүлж чадна гэж бодож байсан уу?
-Энэ тэмцээнд түрүүлнэ гэж огт бодож байгаагүй. Өдөр өдрийнхөө барилдааныг л боддог байсан.
-Дайэйшёотой барилдахдаа ямар тактиктай байв?
-Хажуугаас нь дайрч, мавашины барьц авах бодолтой байсан ч чадаагүй. Хоёр дахь барилдаанд дороос дайрч, сөхөх гэж бодсон ч бас л бүтээгүй. Уг нь өөрийнхөөрөө барилдаад түрүүлсэн бол сайхан байх байлаа.
-Монголоос ирээд найман жил өнгөрчээ. Анх хэцүү байсан байх даа.
-Япон хэл мэдэхгүй, дэвжээний амьдралд дасахгүй хэцүү байсан. Сүмогоо болиод харья гэж олон удаа бодсон. Өчигдөр түрүүлээд тэсэж, тэвчсэний ач гарлаа гэж бодсон.
-Сүмод ороод хамгийн гайхсан зүйл?
-Өглөө эрт босдогийг нь мэдээгүй байсан болохоор их гайхаж байв. Монголд байхдаа өдөр болтол унтдаг байсан тул энд өглөөний 5.30 цагт босоод бэлтгэл хийх санаанд багтахгүй байлаа.
-Монголдоо хэдэн удаа харьсан бэ?
-Жюүрёод дэвшээд ганц удаа л харьсан. Чадвал дараагийн удаад озэки цол хүртчихээд харих сан. Ямар ч гэсэн ирэх тэмцээнд барилдчихаад шийднэ дээ.
-Ирэх тэмцээний зорилго?
-Юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлэх. Чадвал арав давах зорилготой. Банцүкэд дээр минь хүрээгүй цол байгаа. Какүрюү аваргын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцох сон.
-Өнөөдрөөс эхлэн юу хийхийг хүсэж байна вэ?
-Амармаар байна. Амрах үедээ амарч, хийх үедээ хийж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 9 )
Үзэмчин угсаатай шүү.Гэхдээ Монгол хүн гэдэг нь чухал.Бүү талц!
Дорнод аймаг олон ястны өлгий нутаг шүү дээ.
Buriad biche Uzemchin.mundag box.sumogin daraagin zalgaa Kiribiyama Hochiuru!Mongol avarguud tasaraxgune!
Халх, буриад нь яах вээ, Монгол гэдэг нь л чухал биз дээ. Хоорондоо нутаг нугаараа бүү талцаж бай, сайхан Монгол сумоч залуугаараа бүгдээрээ бахархаж бна шүү дээ.
Дорнод л бол буриад байдаг пм уу? Буриадууд сайн зүгээр ш дээ ёохор хатирна ши мэднэ ээ үгүй?
Buriad bish uzemchin shuu
одоо буриадууд даварч эхэлнэ дээ тэд сумод түрүүлсэн шиг сагсуурцгаана. хараад байгаарай Дашбалбараас Улсын заантай болсон харин яагаад оволзоод унаагүйд гайхаад байсан чинь эцэг халх эх нь буриад гэнээ Харин Бимбаашулуунай лхагвасурен цэвэр буриад ажээ Гэхдээ буриад сумдадаа төрөөгүй халх суманд харъяалагддаг гэв
одоо буриадууд даварч эхэлнэ дээ тэд сумод түрүүлсэн шиг сагсуурцгаана. хараад байгаарай Дашбалбараас Улсын заантай болсон харин яагаад оволзоод унаагүйд гайхаад байсан чинь эцэг халх эх нь буриад гэнээ Харин Бимбаашулуунай лхагвасурен цэвэр буриад ажээ Гэхдээ буриад сумдадаа төрөөгүй халх суманд харъяалагддаг гэв
Даруухан хүү, даруухан яриа - Японы ёс заншил, сумогийн дэг жаяг.