Токиогийн олимпын мөнгөн медальт, Беларусын дагестан бөх Магомедхабиб Кадимагомедов холимог тулаан, чөлөөт бөхийг хослуулах гэнэ.
Тэрээр одоо Америкт бэлтгэл хийж байгаа бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
-Холимог тулаанч болох ямар байна?
-Чөлөөт бөх миний хувьд хамгийн түрүүнд тавигдана. Би холимог тулаанд ч оролцоно, бөхөө ч орхихгүй. Чөлөөт бөхөд хослуулахыг хориглодоггүй. Хэрэв Беларусын тамирчдыг олимпод оролцуулах болбол олимпдоо бэлтгэнэ. Bellator холбоотой гэрээ байгуулахдаа ч энэ талаар хэлсэн байгаа. Тэд ч бас тулаанчаа Парисын олимпод оролцуулах сонирхолтой байгаа. Учир нь олимпын медальт тулаанч олны анхаарлыг их татна.
- UFC холбоо биш яагаад Bellator гэж?
- UFC холбоо гэрээ байгуулах эсэх нь тодорхойгүй байдалтай байсан. Өөр холбоог би сонирхохгүй байлаа. Гэхдээ Bellator холбооноос санал ирэхэд би зөвшөөрсөн. Том холбоо төдийгүй санал нь UFC-ээс илүү сонирхолтой байсан. Надаас өмнө тус холбоотой АНУ-ын чөлөөт бөхийн шигшээд байсан Жордан Оливер гэрээ байгуулсан байсан. Энд чөлөөт бөхөөс алдарт куба бөх Йоэль Ромеро, Америкийн Аарон Пико нар байгаа.
-Америкийн Жордан Барроузтай халз барилдах гэрээ яаж байгуулж чадав?
-Олон нийтийн сүлжээгээр би түүнийг халз барилдаанд дуудахад Жордан бэлэн гэж хариулсан. Харин хэзээ, хаана гэдгээ шийдээгүй байгаа. Хабиб Нурмагомедовын менежер Али Абдельазиз надад тусалж байгаа. Зургаа, эсвэл долоодугаар сард АНУ-д болох ямар нэг тэмцээний хүрээнд зохион байгуулна.
-Цаашдын төлөвлөгөө?
-Беларусын шигшээ багийн цугларалттай. Дараа нь Буриадын олон улсын тэмцээнд оролцоно. Олимпод оролцох найдвар байгаа цагт бэлтгэлээ байнга хийж, хэзээ ч барилдахад бэлэн байх ёстой.
Сэтгэгдэл ( 0 )