Лас-Вегаст энэ сарын 5-нд болсон холимог тулааны UFC 285 тэмцээнд Казахстаны тулаанч Шавкат Рахмонов АНУ-ын Жефф Нилийг гуравдугаар үед босоогоос боож, цэвэр ялсан. Шавкат нийт 17 тулалдахдаа бүгдэд нь цэвэр ялсан. Үүнээс есийг нь боох, өчих мэхээр, наймыг нь хүнд цохилтоор байгуулсан Казахстаны хамгийн шилдэг тулаанч юм.
Тэрээр үргэлж казах малгайтай гарч, эх орноо сурталчилдаг. UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ жил казах залууд аваргын бүсний төлөөх тулаан өгнө гэдгээ амлаад байгаа билээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 27-нд Шавкат Рахмоновыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Токаев “Тан шиг хүчтэй тамирчны ялалт, амжилт манай ирээдүй хойч үед үлгэр дуурайл болж, залуучуудад эрүүл амьдрах, спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг төрүүлж байна. Улам их амжилт хүсэн ерөөж байна” гэж хэлсэн юм.
Яагаад Ерөнхийлөгч Токаев Шавкатыг хүлээн авч уулзсан учир шалтгаан тодорхой. Улс орны тэргүүд эх орноо төлөөлж, нэрийг нь дэлхийд гаргаж яваа иргэдээ тусгайлан хүлээн авч, урам зориг өгдөг.
Саяхан манай улсад зохиогдсон өсвөрийн хоккейн Ази, далайн бүсийн тэмцээнд Узбекистаны баш түрүүлэхэд улсынх нь Ерөнхийлөгч баяр хүргэж байсан билээ.
Шавкатын хувьд өнөө цагийн хамгийн алдартай казах тулаанч. Тулаанд ялсныхаа дараа казах малгайгаа өмсөж, Төрийн далбаагаа заавал авч гардаг уламжлалтай. UFC хэмээх дэлхийн дэвжээн дээр Казахстан улсаа Соёлын яамнаасаа илүү сурталчилж байгаа тамирчин. Телевизийн шууд дамжуулалт дээр казах хэлээрээ ярина гэдэг л Казахстан гэдэг оронд олны анхаарлыг хандуулж байгаа юм. Үндэсний хувцсаараа гайхуулж, монгол бөхийнхөө дэвээ шавааг үзүүлдэг тулаанчид ч Монголд бий. Манай Ерөнхийлөгч ч гэсэн монгол тулаанчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )