Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний дараа зодог тайлсан Монголын сүмоч Батхүүгийн Нанжид Кагамио Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Кагамио 2021 оноос хойш банцүкэд нэр нь бичигдээгүй байсан. Манай бөх 2003 онд Кёкүшюүзаны урилгаар Японд ирж, Кагамияма дэвжээнд элссэн. 2014 онд дээд зиндаанд дэвшиж, долоон башё барилдсан. Маэгаширагийн долоод гарсан нь хамгийн том амжилт юм. Жюүрёод 14 башё барилдсан. 2020 оноос хойш гэмтлийн улмаас барилдаагүй.
Кагамио “Сүмо бөхийн замналаа эргэн харахад үнэхээр харамсах зүйлгүй, сайхан байлаа. Дахин дохён дээр ганц удаа ч гэсэн барилдах сан гэж бодож хичээсэн ч хоёр өвдөгний гэмтэл эдгэрсэнгүй. 2012 оны 11 дүгээр сарын тэмцээний 9 дэх өдөр макүшитагийн 4 дээр дөрөв дэх даваагаа авч, 50 хувийн амжилт үзүүлэн, жюүрёод дэвших болсон тэр барилдаан хамгийн сэтгэлд үлдсэн барилдаан. Цаашдаа юу хийхээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж шийднэ. Өнгөрсөн сар Японы иргэншил авлаа. Япон нэр минь Кагамио Хидэоки. 15 настайдаа Монголоос Японд ирсэн гэхээр Японд амьдарсан хугацаа минь илүү урт байгаа. Хүүхдүүд минь Японд төрж, дассан тул гэргий, хүү, охинтойгоо Японд амьдрах болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )