Азербайжаны эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн лидер Мария Стадник (50 кг) сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Удахгүй Европын АШТ эхлэх гэж байна. Ээлжит алтан медалиа авахаар бэлтгэлээ хийж байна уу?
-Би Европт найман удаа түрүүлсэн. Ес дэх тивийн аваргын тэмцээнээ олимпын эрх олгох ДАШТ-ий бэлтгэлийн нэг шат гэж харж байна. Хэр бэлтгэлтэй байгаагаа мэдэхийн тулд мэдээж алтан медаль авах нь чухал.
-Сүүлийн үед та хоёр тэмцээнд оролцлоо. Хэр формтой байна вэ?
-Формдоо дөнгөж орж байна. Удаан барилдаагүй болохоор хуучин формдоо ороход хугацаа хэрэгтэй.
-Симеон Штерев эмэгтэй шигшээ багийг дахин удирдах болсныг та хэрхэн харж байна вэ? Сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн асуудал хурц тавигдсан.
-Штеревийг миний санаачилгаар урьсан юм. Тэр бол миний хувийн дасгалжуулагч. Жинхэнэ шилдэг мэргэжилтэн. Түүнтэй хамт би тав дахь олимпдоо оролцож чадна гэж бодож байна.
-Европын АШТ бол Парисын олимп хүртэлх урт замын эхлэл нь. Та Парисын олимпын талаар боддог уу?
-Үнэнийг хэлэхэд би одоо олимпын талаар бодохгүй байгаа.
-Танаас Японы өрсөлдөгчдийн талаар их асуудаг. Одоо таны жинд Юи Сүсаки тэргүүлж байна. Гол өрсөлдөгчийнхөө талаар юу бодож байна?
-Би япон бөхчүүдийн талаар огт боддоггүй. Бодох өөр зүйл надад бий.
-Сүүлийн жилүүдэд эмэгтэй багийн бүх том амжилт тантай л холбоотой боллоо.
-Манай шигшээд залуу тамирчид бий ч насанд хүрэгчдийн бөхийн хэмжээнд хүрэхийн тулд их ажиллах шаардлагатай. Шигшээ баг одоо болтол 34 настай ахмад тамирчинд л найдаж байхаар өөр хэлэх үг алга даа. Харамсалтай нь, манайд өөрийнхөө тамирчдад итгэхгүй байна.Охид зөвлөгөө авахаар ирэхэд би мэддэг бүхнээ зааж өгдөг.
Сэтгэгдэл ( 0 )