Боксын ДАШТ: Казахстаны багаас допинг илэрлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.

Тэмцээний өмнө Казахстаны багт допинг илэрч, 60 кг-ын тамирчнаа сольсон байна. 2022 оны Азийн аваргын тэмцээний хүрэл медальт Саматали Тольтаевыг багаас хасжээ.

Казахстаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мырзагали Айтжанов “Шигшээ багийн дасгалжуулагч, эмч нар тамирчдад допингийн талаар байнга анхааруулж, сургалт явуулдаг. Гадаа гудамжинд хамаагүй газар цэвэр ус авч ууж болохгүй гэж үргэлж хэлдэг. Гэтэл Саматали найз нөхөд, хамаатан садныхаа зөвлөгөөгөөр витамин уусан байгаа юм. Өнөөдөр түүнээс дахин шинжилгээ авна. Бид түүнийг цугларалтаас гаргасан. Бусад тамирчид эмч, мэргэжилтэн нарын хяналт дор бэлтгэлээ хийж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэрэв санаатайгаар допинг хэрэглэсэн гэж батлагдах юм бол Саматали Тольтаев дөрвөн жил рингэнд гарах эрхээ хасуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top