Б.Онон: ХААН Банкны IPO-д 30,001-ээс дээш хүн захиалга өгвөл 300,000 төгрөг хүртэлх захиалга нь бүрэн биелж, үлдсэн дүнд нь хувь тэнцүүлнэ

2023 оны 04 сарын 17

ХААН Банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр дөрөвдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл өдөр бүр 09:00-19:00 цагийн хооронд явагдаж байна.  ХААН Банк нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг, нэгж үнийг 959 төгрөгөөр нийтэд санал болгож байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүхий л үнэт цаасны компаниар дамжуулан иргэд захиалгаа өгөх боломжтой.

ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтыг хэрхэн хийх, хувь тэнцүүлэхтэй холбоотой мэдээллийг “БиДиСек ҮЦК” ХК-ийн Арилжаа эрхэлсэн захирал Б.Ононгоос тодрууллаа.


-Захиалгын явцын талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 11:00 цагийн байдлаар ХААН Банкны анхдагч зах зээлийн 16,163 захиалгаас 203.5 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. 111.01 хувийн захиалгын явцтай байна.

-Анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтыг хэрхэн хийх вэ?

-Андеррайтер болон үнэт цаас гаргагч ХААН Банкны зүгээс анхдагч зах зээлийн арилжаанд оролцох нийт хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй байх нөхцөлөөр хувьцааны хуваарилалт хийхээр Үнэт цаасны танилцуулгадаа тусгасан.

Анхдагч зах зээлд нийт 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож байгаа. Үүнээс 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг бусад хөрөнгө оруулагчдад хуваарилна.

Андеррайтерийн зүгээс стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100 хувь биелүүлэх зарчмыг баримтлах бол олон нийтээс ирсэн захиалгын хувьд хөрөнгө оруулагчдын тооноос шалтгаалан суурь дүнгээр тодорхой хэмжээний мөнгөн дүнг бүрэн биелүүлж, үлдэх дүнд нь  хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийнэ. Өөрөөр хэлбэл,  ХААН Банкны анхдагч арилжаанд  нийт 30 мянга хүртэлх хүн захиалга өгвөл хөрөнгө оруулагч тус бүрийн үнийн дүнгийн 500,000 төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, үлдэх дүнд хувь тэнцүүлнэ. Харин 30,001-ээс дээш хөрөнгө оруулагч захиалга өгвөл хүн тус бүрийн 300,000 төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлэн, үлдэх хувьд нь хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилахаар байгаа юм.  

-Хувь тэнцүүлэх гэдгийг тодруулахгүй юу. Жишээ нь, сая төгрөгөөр анхдагч зах зээлд оролцож захиалга өгвөл хэдэн төгрөгийн захиалга нь биелнэ гэсэн үг вэ?

-Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжааны журамд заасны дагуу худалдан авах захиалгын тоо ширхэг нь санал болгосон үнэт цаасны тоо ширхгээс илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх аргыг ашигладаг. Арилжихаар санал болгож буй нийт үнэт цаасны тоо, худалдан авах захиалгад багтсан нийт үнэт цаасны тооны харьцаагаар хувь тэнцэх коэффциент гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, анхдагч зах зээлийн арилжаа дуусаад Монголын хөрөнгийн биржээс олон нийтээс захиалга өгсөн хөрөнгө оруулагч бүрийн биелэгдэх хувийг тогтоож өгдөг гэсэн үг.

Та нэг сая төгрөгөөр захиалга өгсөн гэж бодъё. ХААН Банкны арилжаанд 29,800 хүн захиалга өгсөн тохиолдолд суурь дүнгээр биелэх нөхцөлийн дагуу 500,000 төгрөгийн захиалгыг бүрэн биелүүлнэ. Үлдэгдэл 500,000 төгрөгийн хувьд миний түрүүн хэлсэнчэн Монголын хөрөнгийн бирж дээр хуваарилалтын төлөвлөгөө гаргаад, хувь тэнцэх коэффциент тодорхой болсны дараа хэдэн хувь нь биелэхийг мэдэх боломжтой.

-Анхдагч зах зээлийн арилжаанаас хоцорсон тохиолдолд яах вэ?

-Дөрөвдүгээр сарын 19-ний 19.00 цагт  ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжаа дуусна. Тиймээс хоцорсон хүмүүс хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой. Анхдагч зах зээлийн арилжаа дуусаад Монголын хөрөнгийн бирж дээр хуваарилалт хийгдэж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авах хүртэл тодорхой хугацаа орно. Үүний дараа хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлнэ. ХААН Банкны хувьцааг худалдан авсан хүмүүс хоорондоо хувьцаагаа арилжаалах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр анхдагч зах зээлийн арилжаанд орж амжаагүй хүмүүс Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар дамжуулаад үнэт цаасны компанидааа захиалгаа өгөөд ХААН Банкны хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаагаар өдөр бүрийн арилжааны цагаар худалдан авч болно.

-Харилцагчдын захиалсан хувьцааны дүн хэд нь биелээд, хэд нь буцаагдахыг тухайн хүн яаж мэдэх вэ? Мессеж, мэйлээр мэдэгдэх юм уу?

-Тухайн хүний захиалгын биелэлтийн талаарх мэдээллийг анхдагч зах зээлийн арилжаа дууссанаас хойш хуваарилалт, нийлүүлэлт хийгдэж үнэт цаасны дансанд нь хувьцаа нь байрших үед харилцдаг, захиалга өгсөн үнэт цаасны компаниас нь холбогдож мэдээлэл хүргэнэ.

-Танай компаниар дамжуулж захиалга өгөхөд юу анхаарах хэрэгтэй вэ? Түгээмэл ирж байгаа ямар асуултууд байна вэ?

-Үнэт цаасны данс нээлгэхэд ажлын нэг хоног болдог. Тэгэхээр та дөрөвдүгээр сарын 19-нд ирээд дансаа нээлгэж арилжаанд оръё гэвэл хоцорсон байх магадлалтай. Тэгэхээр юуны өмнө та үнэт цаасны данстай эсэхээ шалгаад байхгүй бол 4-р сарын 19-ний өдрөөс өмнө нээлгэх ёстой. Хэрэв үнэт цаасны данстай бол өөрийн харьцдаг брокероороо эртхэн захиалгаа өгөөд анхдагч зах зээлийн арилжаанд оролцож болно.  

Ipo.khanbank.com-оор захиалга өгч байгаа харилцагчдын хувьд ХААН Банкны интернэт банкны эрхтэй байх шаардлагатай. Банкны гүйлгээгээр захиалгын төлбөр тооцоогоо гүйцэтгэж байгаа тохиолдолд зааврын дагуу гүйлгээний утгаа бүрэн гүйцэд оруулах ёстой.

Манай БиДиСек ҮЦК-ийн онлайн систем болох Stock.mn – оор захиалга өгч байгаа тохиолдолд заавар видеоны дагуу мэдээллээ бүрэн бөглөн хүсэлтээ явуулах шаардлагатай. Мөн манай БиДиСек ҮЦК-ийн салбаруудад хандан өөрийн биеэр захиалга өгөх боломжтой. ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжааны үеэр бид өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.

Анхдагч зах зээлийн арилжаа 4-р сарын 19-ний 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Амжиж захиалгаа өгөөрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top