Чөлөөт бөх: Казахстаны шигшээ баг амжилтынхаа шалтгааныг тайлбарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Астанад явагдсан Азийн АШТ-д нутгийн эзэн Казахстаны шигшээ тун амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүлсэн билээ. Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мадияр Курамысовтай Bassport.kz сайтын сурвалжлагч уулзаж, ярилцжээ.

-Азийн АШТ-д маш амжилттай оролцлоо.

-Юуны өмнө бид энэ ялалт дээрээ зогсолгүй, ажилласан хэвээр байх ёстой. Амжилтын гол шалтгаан нь эв нэгдэл байлаа. Урьд өмнөхөөс гарсан өөрчлөлт гэвэл бид бэлтгэлийн тоог нэмж, бөхчүүдийнхээ анхны болон хувийн багш нарыг нь урьдаг болсон.

-Анх удаагаа манай баг тивийн аваргаас 4 алтан медаль хүртлээ. Тэмцээний өмнө хэдэн медаль авна гэж төлөвлөж байв?

-Өнгөрсөн жил найман медальтай байсан. Энэ жил 5-6 медаль, нэг нь алт байна гэж төлөвлөсөн байв.

-Дархан Есенгали Азийн АШТ-ий шинэ оддын нэг байлаа. Тэр Спартакиад дээр Кайпановыг ялсан. Энэ бөхийн талаар юу бодож байна?

-Дархан барилдаад удаж байгаа бөх. Түүнийг залуучуудын шигшээд байхаас нь мэднэ. Харин насанд хүрэгчдэд шилжээд амжилт гаргахгүй байсан юм. Түүний сайн тал нь сэтгэл зүй. Энэ л хамгийн чухал.

-74 кг-д барилдаж байсан Данияр Кайсанов одоо хаана байгаа вэ?

-Шигшээ багт харьяалагдаж байгаа. Маш туршлагатай бөх. Нургожа, Нурлан Бекжанов хоёр байна. Энэ жинд бөх олон бий.

-Азийн АШТ-д хэний барилдаан таалагдсангүй вэ?

-97 кг-ын Бекзат Уркимбай, 61 кг-ын Нурболат Абдуалиев хоёр өөрсдийгөө харуулж чадсангүй.

-Шигшээ багийн цаашдын төлөвлөгөө?

-Намар болох ДАШТ, Азийн наадамд бэлтгэнэ. Олон улсын тэмцээнд оролцуулж, тамирчдаа шигшин сонгох болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.64) 2023 оны 04 сарын 21

Нутагтаа тэргүүлэх нэг хэрэг, өөр газар бол өөр л үр дүн гарах байсан биз

3  |  0
Top