Өчигдөр шөнө Английн Премьер лигийн энэ улирлын аваргын цомын хувь заяаг бараг шийдсэн нэгэн тоглолт боллоо. Шөнийн 03,00 цагаас хүснэгтийг тэргүүлэгч Арсенал, хоёрдугаар байрны Ман Сити багууд Этихад цэнгэлдэхэд халз тааран үзэлцлээ. Арса таван оноо илүү ч Сити хоёр тоглолт дутуу. Өөрөөр хэлбэл ялагдвал Арсеналын аварга болох боломж тун багасах нь тодорхой байв. Нэг хэсэг найман онооны зайтай хүснэгт тэргүүлж байсан Лондон хотын баг сүүлийн хэдэн тойрогт өөрсдөөсөө болж бүдэрсээр ийм байдалд орсон юм.
Пеп Гвардиола Артета шавийнхаа эсрэг. Сонирхол татсан тоглолтын цаг ойртох тусам хөлбөмбөг сонирхогчдын анхаарал Этихад цэнгэлдэхэд хандаж байлаа. Формдоо бүрэн орсон Сити ялагдах нь эргэлзээтэй байсан ч Аваргын цомын өрсөлдөөнийг хурцлахыг хүссэн фэнүүдэд Арсенал ялах мэт санагдана.
Гэвч бодит байдал гэдэг бодитой л байлаа. Ман Сити баг Арсеналыг ураад, таслаад, идэж ууж орхисон. Энэ тоглолтын дараах хүснэгтийн байдал Арсенал 33 тоглож, 75 оноотой, Сити 31 тоглож, 73 оноотой. Арсеналын үлдсэн тоглолтууд: Челси, Ньюкасл, Брайтон, Ноттингем, Вулверхэмптон. Сити харин долоо тоглох болно. Өрсөлдөгчид нь: Брайтон, Фулхэм, Вест Хэм, Лидс, Эвертон, Челси, Брендфорт. Энэ хуваарийг харсан супер компьютер Ман Ситигийн Премьер лигийн аварга болох магадлалыг 92 хувь гэж дүгнэжээ.
Манчестер Сити – Арсенал 4:1 (2:0, 2:1)
Этихад Стэдиум
Гоол: 1:0 – 7 де Брюйне, 2:0 – 45 Стоунз, 3:0 – 54 де Брюйне, 3:1 – 86 Холдинг, 4:1 – 90 Холанд.
Манчестер Сити – Эдерсон, Уокер, Стоунз, Рубен Диаш, Аканжи, Гюндоган (Марез, 72), де Брюйне (Альварес, 80), Родри, Грилиш (Фоден, 87), Бернарду Силва, Холанд.
Арсенал – Рэмсдейл, Уайт, Холдинг, Габриэл, Зинченко, Жака (Жоржиньо, 60), Парти, Эдегор (Смит-Роу, 71), Сака (Нелсон, 80), Мартинелли (Троссард, 60), Габриэл Жезус (Нкетиа, 80).
Шар хуудас: Рубен Диаш (45), Грилиш (75), Парти (76), Родри (88).
Сэтгэгдэл ( 1 )
Бараг л 100% байхаа,арсеналын үлдсэн тоглолтууд хэцүү, тэгээд ч сэтгэл санаагаар ль эрт явчихаж байх шиг