Казахстаны холимог тулаанч, “Найман” хочит Куат Хамитов сүүлийн үед ринг дээр биш улс төр, нийгмийн тавцанд “тулаан” хийдэг болоод байгаа. Өнгөрсөн оны эхээр Казахстанд болсон олон нийтийн үймээний үеэр тэр ард түмнийг бослогод уриалсан хэргээр баривчлагдсан. Куат олон нийтийн сүлжээнд “Би үргэлж ард түмэнтэйгээ хамт. Жанаозен, Актаугийн иргэд ээ, бид та нартай хамт шүү. Байгалийн хийн үнийг өсгөж байгаа нь буруу. Яагаад гэвэл энэ бүхэн угаасаа тааруу амьдарч байгаа ард түмний халаасыг улам хоосолно. Хоол хүнс, бензин гээд бүх юмны үнэ өсөж байна. Улс, Засгийн газраас ард түмний гомдлыг сонсож, асуудлын шийдэх хэрэгтэй” гэж бичсэн. Удалгүй гэрт нь тусгай хүчнийхэн орж ирэхэд зодолдож, ОМОН-ы арван албан хаагчийг гэмтээгээд баривчлагдсан билээ. Хорих ангид тусгайгийнханд зодуулж, гэмтсэнийхээ дараа зодог тайлснаа албан ёсоор зарласан юм.
Өчигдөр тэрээр инста хуудсандаа пост оруулж, улс төрөөс гараагүй байгаагаа мэдэгдлээ. Куат “Сүүлийн 30 жилд Казахстан улсаас хулгайлсан бүх мөнгийг буцаан авчрах ёстой. Хэрэв илжиг энэ ажлыг хийж чадах юм бол би илжгийг ч дэмжих болно. Хамгийн гол нь ард түмний хөрөнгө, мөнгийг эргүүлэн авчрах хэрэгтэй” гэж бичсэн байв.
Сэтгэгдэл ( 1 )
Жинхэнэ эх оронч Монголд даанч ийм залуу алгадаа