Шатрын шинэ дэлхийн аварга Дин Лижэнь гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02


Казахстаны Астанад шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолт болж өнгөрлөө.

Халз тоглолтод Хятадын гроссмейстер Дин Лижэнь Оросын Ян Непомнящийг ялж, шатрын 17 дахь дэлхийн аварга боллоо. Тоглолт 7:7 тэнцсэн ч тай-брейкт хятад тамирчин 2,5:1,5 илүүрхсэн юм. Ян Непомнящий 900 мянган евро хүртсэн бол Дин Лижэнь 1.1 сая евротой нутаг буцлаа. Шатрын дэлхийн аварга хэмээх цолыг албан ёсоор 1886 оноос олгож байгаа бөгөөд Дин Хятадаас төрсөн анхны дэлхийн аварга юм.
 


Диний аав цахилгааны инженер, ээж нь сувилагч. Тэд хүүдээ Хятадын алдарт гүн ухаантан, их сэтгэгч Күнзийн эшлэлээс нэр өгсөн юм. “Хэрэв амьдралд амжилт олохыг хүсвэл бусдыг амжилт олоход нь тусал, Хэрэв өөрөө хөгжихийг хүсвэл бусдыг хөгжихөд нь тусал”.  Liren гэдэг нь туслах гэсэн утгатай юм. Дин хүүг аав ээж нь шатарчин болгосонгүй, харин төрөлх нутаг нь шатарчин болгосон гэхэд болно. Вэньчжоу.хот бол мегаполис төдийгүй Хятадын шатрын нийслэл гэж хэлэгддэг хот. Алс тэртээ 1995 онд энэ хотод Хятадын анхны эмэгтэй дэлхийн аварга Се Цзюнь, ЗХУ-ын шатрын домог Виктор Корчнойн халз тоглолт болж байсан бөгөөд тэр үеэс шатрын дугуйлан, клуб ихээр нээгджээ.
 


1996 онд аав ээж нь 4 настай Дин хүүг шатрын клубт хөтлөн аваачсан байна. Тэнд хүү Хятадын дэлхийн аварга эмэгтэй Чжу Чэнийн багш Чэнь Лисин дасгалжуулагчийн гар дээр очсон юм. Дин сонгодог шатар, хятад шатар (сянци), го даамнаас алийг нь сонгохоо мэдэхгүй нэлээд удсан гэдэг. Го бол Хятадын хамгийн өргөн дэлгэрсэн тоглоом бөгөөд аваргууд нь улсын хэмжээний одод. Гэвч Дин сонгодог шатраа сонгосон юм. 

Ахлах ангид ороод Дин Бээжинд шилжлээ. Гэвч спортоос өөр зүйл түүний амьдралд үлдээгүй байв.
 


“Би хичээлээ огт хийдэггүй байсан. Сургууль дээр ихэнх цагаа шатар тоглоход л зарцуулдаг байлаа. Сургуулиа төгсөөд нэг жилийн дараа Бээжингийн их сургуулийн Хуулийн ангид элсэх аз надад тохиосон юм”

Хуулиас илүү утга зохиол таалагддаг байсан ч  үнэндээ утга зохиолд гаргах чөлөөт цаг зав байсангүй.
 


“Хичээл эхлэхэд би ямар хичээлд дуртайгаа ойлгоогүй хэвээр байлаа. Хэрэв одоо сонгох боломж байлаа ч би утга зохиолоо сонгохгүй байсан. Хятадын утга зохиолд би дуртай. Гэхдээ тэр дуртай зүйлээ өдөрт хэдэн цагаар судлаад эхэлбэл уран зохиол надад таалагдахаа болино”

Дин 2009 онд Хятадын УАШТ-д түрүүлсэн нь хамгийн анхны том амжилт байлаа. Энэ тэмцээний дараа тэр гроссмейстер болсон бөгөөд 19 нас хүртлээ дахин хоёр удаа улсын аварга болж, Хятадын шатрын ирээдүйн од гэж нэрлэгдэх болжээ.

Хятадын шатрын бараг бүх рекордыг тэр тогтоосон. Тэр ФИДЕ-гийн чансааны эхний 10-т бичигдсэн хоёр дахь хятад шатарчин. Эхнийх нь Ван Юэ байсан бөгөөд Дин түүнээс ялгаатай нь чансааны хоёрт хүртэл дэвшиж байв. Дин 2800 оноо авсан анхны хятад шатарчин. 2016 онд блицийн чансааг 2875 оноотой тэргүүлж байсан. Лижэнь 2018 онд дэлхийн аварга цол горилогчдын тэмцээнд оролцсон анхны хятад тамирчин болж байсан.
 


Дин “Sinquefield Cup-2019” тэмцээний финалд Магнус Карлсенийг ялж, 12 жил үргэлжилсэн  плей-офф дэх дараалсан ялалтыг нь зогсоож байлаа. 2017 оны наймдугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл тэр нэг ч ялагдаагүй, 29 ялалт, 71 хайнцсан. Энэ нь тэр үедээ 100 өрөг дараалан ялагдаагүй дэлхийн рекорд байлаа. 2019 онд энэ рекордыг нь Карлсен 101 болгон эвдэж, 2020 онд нь 125 болгон ахиулсан.

Диний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл. Хөрөнгө мөнгийг нь эцэг эх нь мэдэн зарцуулдаг. 2020 онд тэр нэгэн ярилцлагадаа “Шагналын мөнгө ээжийн дансанд ордог. Ямар нэг зүйл худалдан авах хэрэгтэй болохоороо би ээжээсээ мөнгө авдаг. Одоо надад мөнгөний тухай бодох хүсэл алга. Өдөр тутмын амьдралд минь их мөнгө хэрэггүй” гэж ярьж байв. Яагаад одоо болтол аав, ээжтэйгээ хамт амьдардгийг нь сонирхоход тэр өчүүхэн ч ичиж зоволгүй “Ямар нэг эмэгтэйтэй тогтмол харилцаатай болсныхоо дараа л эцэг, эхийнхээ гэрээс нүүх байх. Би ганцаараа амьдрах дургүй. Заримдаа би өвөө, эмээ дээрээ очдог. Тэд ойрхон амьдардаг юм. Гэрлэх, сүй тавьсан хойноо л аав ээжийн гэрээс тусдаа гарах нь хятад соёлд бол хэвийн зүйл” гэж ярьж байв.

Одоо тэр бие даах хэрэгцээ илүү их болсон ч ээжтэйгээ байнга холбоотой байдаг. “Виза авахад ээж тусалдаг. Би одоо илүү бие даахыг хүсэж байгаа ч заримдаа зөвхөн шатарт л хамаг анхаарлаа хандуулах хэрэгцээтэй байдаг”

Дин тэмцээний үеэр яг өөрийнхөөрөө байдаг. Хэрэв цаг таарахгүй бол зочид буудлын хоолноос татгалзаж, өөрөө хийнэ. Амралтын өдрөөрөө музей үзнэ, хамгийн гол нь тэмцээний өмнө их унтах. Гадаад дасгалжуулагчтай ажилладаггүй. Ихэнхдээ тэмцээнд ганцаараа хүрээд ирдэг.
 


Алдартай тамирчин гэхэд тэр тун даруухан. Хятадын шатрын бараг бүх рекордыг эвдсэн тэрээр дэлхийн аваргын төлөө тоглох болсноо дуулаад “Би ийм зүйл болно гэж мөрөөдөж ч байгаагүй. Би амбицгүй хүн. Өөртөө өндөр зорилго хэзээ ч тавьж байгаагүй” гэж байв. Дин бараг ярилцлага өгдөггүй, олон нийтийн сүлжээнд юм бичээд байдаггүй.

“Тэмцээн болгоны дараа ярилцлага өгдөг, өдөр бүр сонинд гардаг алдартан болохыг хүсэхгүй байна. Өөрийнхөөрөө амьдарч, өөртөө л цагаа зарцуулахыг хүсэж байна. Алдар нэр гэдэг өөрийн төлөөстэй. Хэрэв би алдаршаад их мөнгөтэй болчихвол өөртөө цаг гаргаж чадахгүй болно, дээр нь алдаа болгоныг минь дэлхий шүүдэг болно”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадарч тахар(59.153.112.199) 2023 оны 08 сарын 12

Анандын дараах Азийн бурхан болох хүү байна ! Хоу ифань гэдэг эмэгтэйтэй гэрлэх хэрэгтэй ! Монголд ирвэл хөдөө таарвал надтай нэг үзчихээрэй !

1  |  1
Зочин(59.153.113.234) 2023 оны 05 сарын 02

Шинэ дэлхий гэнэ үү хаана ямар дэлхий үүсээ вэ?

1  |  0
й(192.82.85.220) 2024 оны 06 сарын 13

Монгол эмэгтэйчүүдийг хуйлруулж байгаа сайхан залуу байна

2  |  2
Top