Чөлөөт бөхийн дэлхий, Европын аварга Абасгаджи Магомедов саяхан Алматыд (Казахстан) болсон мэргэжлийн Поддубный лигийн тэмцээнд 61 кг-д Киргизийн Тайирбек Жумашбекийг цэвэр дарсан билээ. Тэрээр тэмцээний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цэвэр ялалт.
-Тайирбек техник сайтай бөх ч би маш сайн бэлтгэсэн байсан. Түүнийг ордон тэр бигээрээ дэмжинэ гэж би мэдэж байсан болохоор өрсөлдөгчөөсөө гадна үзэгчидтэй барилдлаа. PWL-4 сайхан тэмцээн, барилдахад таатай байдаг. Дараагийн тэмцээнүүдэд ч гэсэн урилга ирвэл дуртайяа оролцох болно.
-Хэнтэй барилдмаар байна?
-Японы Рэй Хигүчи, Арменийн Арсен Арутюнян. Өнөөдрийн байдлаар энэ хоёр бөх дэлхийн шилдэг нь байгаа. Би тэдэнтэй гар зөрүүлж ялаад, өөрийгөө илүү хүчтэй гэдгийг харуулмаар байна.
-Энэ удаагийн тэмцээнд таны өрсөлдөгчийг сонгох гэж байхад Угуевын нэр их сонсогдож байсан.
-Заур Угуев бид хоёр энэ талаар ярилцсан. Хэн хэнд нь тус бүр 2 сая рубль (25 мянган ам.доллар) өгөөд, дээр нь ялагч 1 сая рубль авах болбол барилдахад бэлэн байна. Хэрэв мэргэжлийн лиг тийм шагналын мөнгө гаргахад бэлэн байгаа бол бид урилгыг хүлээж байгаа шүү.
-Хигүчи, Угуев хоёрын хэнтэй барилдахад илүү сонирхолтой вэ?
-Угуев. Тэр бол олимпын аварга хүн. Барилдахад сонирхолтой, хэцүү байх болно.
-65 кг-ын жинд шилжих бодол байгаа юу?
-Одоохондоо байхгүй. Олон улсын тавцанд ямар шинэ мэдээ гарах бол гээд хүлээж байна. Миний жин бага хэвээр байгаа. Бэлтгэл дээр 65 кг-ынхантай барилдахаар жин дутуу байгаагаа мэдэрдэг.
-Ойрын төлөвлөгөө?
-Алиевийн нэрэмжит тэмцээн, Оросын УАШТ гэсэн хоёр тэмцээнд оролцоно. Энэ жилийн улсын аварга манай хотод болох тул сайн бэлтгэх хэрэгтэй.
-Гэр бүлийн амьдралын талаар?
-Нэмэлт үүрэг хариуцлагатай болдог болохоор барилдахад нэмэр болдог. Ганц бие бөхчүүддээ хурдан гэрлээрэй гэж зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )