Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Цэнхэр, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Вайт лайк" ХХК, "Молор трейд" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Бадамсүрэн, Б.Лхагвадорж нар үлдэв.
Тус барилдаанд хүрэлцэн ирсэн аваргууд болон бусад аваргуудын гэр бүлд Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.
Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг улсын начин Д.Хүдэрбулгад аваргын охин Б.Хандсүрэн, зээ охин Н.Пагмадулам нар гардуулсан бол “Шихихутаг” Их сургуулийн нэрэмжит “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн өсөх, өрнөх начин Мягмарцэрэнгийн Гантулгад тус сургуулийн дэд захирал Л.Мөнхдэмбэрэл гардуулав.
Уг шагналыг цаашид жил бүрийн “Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан”-д “Шихихутаг” их сургуулиас олгож байхаар шийдвэрлэжээ.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн начин Ц.Билэгсайханд аваргын гэр бүлээс гардуулав.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Сүүлийн шагнал их ухаалаг үйлдэл болжээ