ХААН Банк эрүүл мэндийн аянаа энэ жил 6 аймагт хэрэгжүүлнэ

2023 оны 05 сарын 10

Үндэсний хэмжээний томоохон банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр, аянуудыг уламжлал болгон хэрэгжүүлж ирснээс Хавдрын эсрэг үндэсний аян, Цусны даралт ихсэлтийн эсрэг аян өдгөө олон нийтэд хэдийнэ танигдаж, орон даяар иргэд, харилцагчид бодит үр шимийг нь хүртэж, эрүүл саруул болсон жишээ цөөнгүй билээ. Тэгвэл урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлж буй эдгээр аяны энэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр ХААН Банк цамхагт боллоо.

Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой эрүүл мэндийн аяны нээлтийн арга хэмжээний үеэр аяны оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг өнөө жил зургаар сарын 12-16-нд Дорнод, зургаадугаар сарын 26-30-нд Увс аймагт, Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг зургаадугаар сарын 18-23-нд Дундговь, Өвөрхангай, 8-р сарын 20-24-нд Завхан, Говь-Алтай аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.

ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-тэй хамтран зохион байгуулдаг “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд өнгөрсөн 12 жилийн хугацаанд аяны багийнхан Монгол орныг бүтэн 3 удаа тойрох хэмжээний зам туулж, давхардсан тоогоор 130 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулан, 610 хорт хавдрын тохиолдол илрүүлж, 513 яаралтай мэс засал хийн, 10 мянга гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан юм. Харин “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон МҮОНРТ-тэй хамтран 2017 оноос хойш 12 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны хүрээнд 600 гаруй эмч мэрэгжилтнийг чадавхжуулан 19 мянган хүнийг үзлэг шинжилгээнд хамруулжээ.

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ийнхүү эрүүл мэндийн салбарт 2 томоохон аяныг тууштай хэрэгжүүлж, нийт 1.8 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Монгол Улсын хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, ид үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд түгээмэл тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон хэвээр  байна. Иймд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодитой хувь нэмрээ оруулахаар ийнхүү өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Ташрамд дурдахад, ХААН Банк сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл буюу 17 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд 500 гаруй төсөл, хөтөлбөрийг 9.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top