Б.Мишээлт хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөх дөхсөөр байна. Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж байна. Финалын тулаанууд 13, 14-нд болно.

Манай хоёр боксчин хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3, медалийн төлөөх тулаанд Венесуэлийн Кристиан Паласиог ялсан билээ.

Б.Мишээлт өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдлөө. 22 настай Асадхужа 1/8 финалд Кубын олимпын хошой аварга, дэлхийн аварга  Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин.  

Тулаан манай тамирчны довтолгоогоор эхэлсэн. Өрсөлдөгчөө амраахгүй, дайрч байсан ч энэ үеийг узбек боксчин 9:10 явсан байлаа. Хоёрдугаар үед ч идэвхтэй байсан ч аажимдаа узбек тамирчин давамгайлж эхэлсэн. Тэрээр дайраад ирэхэд нь угтуулж, оноо түүгээд байв. Сүүлийн үед оноогоо нөхөх гэж дайрсан ч амжсангүй, шүүгчид санал нэгтэй 0:5 Асадхужа Муйдинхужаев ялж, манай Б.Мишээлт ДАШТ-ээ хүрэл медальтай өндөрлүүллээ. Тэрээр Монголын боксын түүхэнд 67кг жинд анх удаа Боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин болж байгаа юм.

Алтан медалийн төлөө Асадхужа Муйдинхужаев Казахстаны Дулат Бекбауовтой тулалдана.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top