Ковидоос айхдаа зодог тайлсан сүмоч холбооноосоо мөнгө нэхэмжлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

“Коронавирусын халдвар авахаас айгаад тэмцээнээс чөлөөлөхийг хүссэн ч Сүмо бөхийн холбоо зөвшөөрөөгүй тул зодог тайлахаас өөр аргагүй болсон” гэж жонидан зиндаанд барилдаж байсан Котокантэцү Сүмогийн холбооноос 4 сая 150 мянган иэнийн төлбөр шаардсан хэргийн шүүх хурал Чиба мужийн шүүхэд боллоо.
 


Котокантэцү шүүх хурлын дараа сэтгүүлчдэд “Энэ хэрэг Сүмогийн ертөнцийг бага багаар өөрчлөх боломж болох ёстой. Бөхчүүд сэтгэл дүүрэн барилдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шүүхдэлцэнэ” гэж мэдээллээ.

Энэ явдал ковидын халдвар ид галзуурч байсан 2021 оны нэгдүгээр сард болжээ. Архаг хууч өвчтэй Котокантэцү коронавирусны халдвар авахаас эмээн, Сүмогийн холбоо, Садогатакэ оякатад Нэгдүгээр сарын тэмцээнээс чөлөөлж өгөхийг хүссэн байна. Харин Сүмо бөхийн холбоо “Корона тусахаас айлаа гээд тэмцээнээс чөлөөлнө гэж байхгүй” гэсэн бол ояката нь “Барилдах уу, зодог тайлах уу? Аль нэгийг нь сонго” гэж шахсан тул архаг өвчтэй хүн корона тусвал амь насаа алдах аюултай тул зодог тайлахыг нь сонгохоос өөр аргагүй болжээ. Тиймээс хүчээр зодог тайлуулсан нөхөн төлбөр болгон 4 сая 150 мянган иэн холбооноос нэхэмжилсэн байна.

Өмнөх жил нь Такадагава дэвжээний бөх Шёобүши коронавирусны халдараар нас барсан. Тэрээр түүнтэй адил архаг суурь өвчтэй байсан нь Котокантэцүгийн хувьд том шок болжээ.
 

Котокантэцү “Манай дэвжээ Чиба мужид байдаг тул барилдахаар Токио хот руу галт тэргээр явахаас өөр арга байхгүй. Замдаа галт тэргэнд янз бүрийн хүмүүстэй хавьтал болох нь ойлгомжтой. Сүмогийн ордонд очоод амны хаалтгүй барилдана. Яаж ч бодсон халдвар авах эрсдэл өндөр. Холбооноос тэмцээний өмнө бөхчүүдээс шинжилгээ авч, халдвартай бөх илэрвэл дэвжээг нь тэр чигээр нь тусгаарлаж байсан ч санаа зовох зүйл их байсан. Ордонд очиж, барилдахаар явна гэж бодохоос л аймар байсан. Энэ айдас дунд сүмо барилдах арга байгаагүй. Намайг зүрхний өвчтэйг мэдсээр байж Сүмо холбоо, ояката яагаад тийм шийдвэр гаргасныг мэдмээр байна” гэж шүүх дээр ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.73.151) 2023 оны 05 сарын 17

манай Ичиножи г багшийнх нь шахалтаар зодог тайлуулсан байхаа. хүний нутагт хүнд дээрлэхүүлж байхаар дээрх нөхөр шиг шүүхэд ханд

0  |  1
Top