Залуу заануудыг “базсан” Тэрүнофүжигийн 8 дахь түрүү

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Японы нийслэлийн Кокүгикан сүмо бөхийн ордонд мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн болж өнгөрлөө. Сүүлийн үед башё болгон сэкивакэ цолтнуудын озэки цолны төлөөх өрсөлдөөн гэж хэлж болохоор байсан бол энэ удаад ёкозүна Тэрүнофүжи зодоглолоо.

Аварга зүгээр нэг зодоглосонгүй, тасархай түрүүлсэн. Шижигнэсэн залуу заануудыг ойртуулсангүй, найм дахь түрүүгээ авлаа. Хэрэв ямар ч бэртэл гэмтэл, өвчин хуучингүй байсан бол Тэрүнофүжи хэд түрүүлэх байсныг таамаглах аргагүй. Гэмтлийн улмаас гурван тэмцээн бүрэн өнжсөн ёкозүна эргэж ирсэн башёдоо түрүүлж байсан тохиолдол сүмогийн түүхэнд гуравхан удаа болж байжээ. Хамгийн сүүлд 1989 оны Нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Хокүтоүми буюу одоогийн холбооны тэргүүн Хаккакү гурван башё өнжөөд барилдахдаа түрүүлж байв.

 

 

Тэрүнофүжи өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд архаг гэмтлээ сэдрээж, тэмцээний голоос гарсан. Ялангуяа баруун өвдөг барилдах битгий хэл алхахад хэцүү байдалтай байжээ. Ингээд аравдугаар сард нь хоёр хөлдөө хагалгаа хийлгэсэн ч хиймэл үе хийлгэх хэрэгтэй гэж эмч нар ярьж байж. Өвчин нь бүрэн арилна гэж хэзээ ч байхгүй гэх тул ирээдүйгээ бодвол тэр дороо зодог тайлсан нь дээр гэх хүн ч байжээ.

Гэвч Тэрүнофүжи эмнэлгээс гараад л бэлтгэлдээ орсон. Өвдөгний ачааллаа бууруулах гэж жин хасна, тэмцээн ойртохоор жингээ нэмнэ. Гэхдээ хамаагүй нэмж болохгүй, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэнэ, хасах шаардлагатай болно. Энэ бүх бэрхшээлийг тэр нэг ч гомдол тавилгүй даваад гарсан юм. Өнөөгийн сүмогийн ертөнцийн ганц ёкозүна гэсэн үүрэг хариуцлагыг тэр бүрэн дааж байна.

 

 

Зуны тэмцээний гол онцлог болсон сэкивакэ Кирибаямагийн озэки цолны төлөөх дайралт амжилттай болж, ирэх Лхагва гарагт албан ёсоор АРСЛАН болох болсон. Озэки Такакэйшёо найм давж, цолоо хадгалан үлдсэн. Ирэх долоодугаар сард 1 ёкозүна, 2 озэкитэй тун сонирхолтой башё биднийг хүлээж байна.

Зуны тэмцээний аваргууд

Макүүчи

Ёкозүна Тэрүнофүжи – 14:1

Исэгахама дэвжээ, 31 нас

Монгол, Улаанбаатар

2011.05 барилдаж эхэлсэн.

 

Жюүрёо

Гонояма – 14:1

Такэкүма дэвжээ, 25 нас

Осакагийн уугуул

2021.03 барилдаж эхэлсэн.

 

Макүшита

Кирюүко – 7:0

Тацүнами дэвжээ, 20 нас

Чиба мужийн уугуул

2021.05 барилдаж эхэлсэн.

 

Санданмэ

Сазанами – 7:0

Исэноүми дэвжээ, 23 нас

Иватэ мужийн уугуул

2015.03 барилдаж эхэлсэн.

 

Жонидан

Саторүфүжи – 7:0

Исэгахама дэвжээ, 19 нас

Шизүокагийн уугуул

2023.01 барилдаж эхэлсэн.

 

Жонокүчи

Харүяма – 7:0

Оноэ дэвжээ, 22 нас

Кагошима уугуул

2023.03 барилдаж эхэлсэн.

 

Зуны тэмцээний тусгай шагналтнууд

 

Шюкүншёо – Гарамгай барилдааны шагнал

Маэгашира 6 Мэйсэй – 8:7

Тацүнами дэвжээ, 27 нас

Кагошимагийн уугуул

2011.05 барилдаж эхэлсэн.

 

Кантошёо – Дайчин барилдааны шагнал

Байхгүй

 

Гиношёо – Уран барилдааны шагнал

 

Сэкивакэ Кирибаяма – 11:4

Мичинокү дэвжээ, 27 нас

Монгол, Дорнод аймгийн уугуул

2015.05 барилдаж эхэлсэн.

 

Сэкивакэ Вакамотохарү – 10:5

Арашио дэвжээ, 29 нас

Фүкүшимагийн уугуул

2011.11 барилдаж эхэлсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумо судлаач(150.129.142.22) 2023 оны 05 сарын 30

Яг одоо цаг үёд сумод ямарч олигтой аварга арслан алга иим цаг үёд аварга арслан болж бгаа нь аз гэх юмуу даа Аса Хакухо Асасэкирю Амагиин үёд эд нар бсан бол заанаас цаашгүй л бсан

0  |  1
Top