Токио хотноо өчигдөр (2023.05.28) өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн монголчуудын хувьд тун амжилттай сайхан болж өнгөрлөө.
Дээд зиндаанд ёкозүна Тэрүнофүжи түрүүлсэн бол сэкивакэ Кирибаяма 11 давж, озэки цолны болзол биелүүллээ. Озэки цол олгох дүрэм дэх “Санякүд 33 даваа” заалтыг нэгээр давуулж биелүүлсэн юм. Кирибаяма Хацү башёд комүсүби дээр 11, Харү башёд 12 даваатай түрүүлж, Нацү башёд 11 давж, нийт 34 даваатай болсон.
Японы сүмо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлөөс холбооны тэргүүн Хаккакү оякатад Кирибаямад озэки цол олгох Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хурал зарлах хүсэлт гаргасныг Хаккакү зөвшөөрчээ. Ийнхүү 31-нд болох Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан, ирэх тэмцээний банцүкэг тогтоох хуралдааны дараа Мичинокү дэвжээнд албан элч илгээж, озэки Кирибаяма албан ёсоор “мэндлэх“ юм.
Холбооны Шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Садогатакэ ояката “34 даваа гэдэг бол өөлөхийн аргагүй үзүүлэлт. Тэмцээний эхний өдрүүдэд биеэ бариад байсан ч даваа болгоны дараа барилдааны агуулга, чанар сайжирсан. Хөл сайтай, эцсээ хүртэл дохёноос гарахгүй гэж тэмцдэг, тэвчээртэй, ер нь өөрийн барилдаанаа олчихсон бөх. Харин озэки болчхоод тачиай дээр зайлдаг зуршлаа арилгаж, эгц шулуун дайрах чухал” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Ийнхүү ирэх Лхагва гарагт Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Монголоос төрсөн 6 дахь озэки болон гялалзах болно. Түүний өмнөх озэки болох Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Какүрюү, Тэрүнофүжи нар бүгд ёкозүна болж байсан билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Яаалтчгүй дараагийн ёкозуно болох нь ойлгомжтой тул дутагдалтай зүйл дээрээ сайн ажиллах нь чухал мундаг озекид баяр хүргэж их амжилтыг хүсье
Amjilm husey.
Барилдаан үнэхээр сайжирсан байсан. Сайхан барилдаж байна лээ. Озеки цол хүртвэл цол дагаж бяр гэж ёкозуна цол ойрхон байгаа шүү
Баяр хүргэе ёкозуна болоорой чамд боломж байгаа шүү.
Амжилт хүсэе
Баяр хүргэе. Мундаг байлаа
Yokozuna bolohiig husen eruue.