Мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээнд озэки цол хүртэх болзлоо биелүүлсэн Монголын сэкивакэ Кирибаяма өнөөдөр Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр энэ сарын 31-нд албан ёсоор Озэки цолоо гардан авах юм.
Кирибаяма хэвлэлийн хурал дээр “Зуны тэмцээнийг хурдан эхэлж, түргэн дуусаасай гэж бодож байлаа. Өчигдөр тэмцээн дуусаад нэг юм тайвширч чадлаа. Бусад тэмцээнтэй адилхан башё шүү гэж өөртөө итгүүлэн барилдах гэсэн боловч өөр гэдэг нь илт мэдэгдээд, сандарч догдлон, унтаж чадахгүй өдрүүд ч байлаа. Өчигдөр орой аав, ээж Монголоос ирсэн. Хоёулаа маш их баярлаж байсан. Анх сүмод ороод хүнд хэцүү байх үед хамгийн их дэмжиж байсан хүмүүс бол гэр бүлийнхэн минь. Мичинокү оякататайгаа адилхан цолтой болоо. Багш цол авсны дараа хамгийн хэцүү шүү гэж хэлсэн. Озэки цолоо хүлээж авахдаа хэлэх үгээ багштайгаа зөвлөж байгаа. Алдаа мадаг гаргахгүйн тулд дасгал хийж байгаа. Озэки, ёкозүна цол бол амархан хүрэхгүй маш өндөр цол. Озэки цол өндөр уул байлаа. Цаашдаа улам хичээхгүй бол болохгүй. Зургаадугаар сарын 3-нд болох ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслолд озэки цолтой оролцоно гэсэн амлалтдаа хүрч чадсандаа баяртай байна. Ёслолын дараа энэ долоо хоногийн сүүлээр Монголдоо харьж амарна. Дөрвөн жил хариагүй байгаа. Сүмод орсноос хойш анх удаа зун харих гэж байна. Хамаатан садан, анд нөхөдтэйгөө уулзана” гэж ярилаа.
Харин түүний нутагт хэдийн Озэки цолын наадмын зар тарж эхэлжээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумынхан энэ сарын 9-нд шинэ арслангийнхаа найрыг наадамтай хийхээр бэлтгэж байна. Наадамд хоёр насны морь уралдаж, сур харваа, хүчит бөхийн барилдаан болох юм.
Сэтгэгдэл ( 3 )
Баяр хүргэе!
Баяр хүргэе, Их аварга болоорой, чи чадна!!!
ih daruuhan huu bsandaa honindoo ywdag